Аяллын блогчин, өмгөөлөгч Жейлин Чейни нислэгийн үеэр таагүй асуудалтай тулгарсны улмаас зарга мэдүүлж, АНУ-ын Иргэний агаарын холбооны газарт хандан шаардлага хүргүүлжээ. Тэрбээр илүүдэл жинтэй хүмүүс тав тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэх шаардлагыг энэ газарт хүргүүлсэн талаар The Mirror мэдээлсэн байна.
Жейлин бүсгүй өндгөвч, уушгины хүнд өвчний улмаас эрс жин нэмэж эхэлжээ. Тэрбээр ердөө хэдхэн жилийн дотор M размерын хувцсаа L дараа нь бүр 5XL размерын хувцасаар сольж, 26 настайдаа 200 кг жинтэй болсон байна. Хэдий хүнд өвчинтэй ч Жейлин дэлхийн бараг бүх орноор аялжээ. Аялал түүний гол хобби тул аялахаа зогсоох хүсэлгүй байгаа гэнэ.
Ийнхүү аяллаар явахад онгоцны суудал илүүдэл жинтэй хүмүүст тун тохиромжгүй байдаг талаар өмнө нь тэрбээр зөвхөн олон нийтийн сүлжээндээ бичдэг байсан бол энэ удаад өргөх бичиг санаачилж, агаарын компаниудыг зорчигчид хэдэн килограмм жинтэй байхаас үл хамааран тэдэнд бүгдэд нь анхаарал халамж тавихыг шаардсан байна. Түүний хамгийн сүүлд хийсэн аяллын үеэр суудал завсар хэт чихэлдэж орсон тул бие нь хөх няц болон буусан тул ийм алхам хийхээр болсон аж.
Ингээд Жейлин АНУ-ын Иргэний агаарын тээврийн газарт хандан илүүдэл жинтэй хүмүүст тохирохуйц нэмэлт суудал гаргах, зорчигчийн жингээс хамаарч тэдэнд 2-3 суудал нэмэлтээр гаргаж өгөх, том хэмжээтэй суудал хийх, аюулгүйн бүсийг уртасгагчтай болгох, том биетэй аялагчдыг хэрхэн хүлээн авах талаар агаарын тээврийн компаниудын ажилтнуудад сургалт орох гэсэн шаардлагуудыг хүргүүлжээ.
Түүний өргөх бичигт 7000 гаруй хүн нэгдэн, гарын үсэг зурсан бөгөөд шаардлагатай тоонд хүрвэл зохих газарт нь уламжлах юм байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |