Оросын Челябинск хотын захиргаа шилдэг хоргодох байр шалгаруулах "үзлэг-уралдаан" явуулахыг үүрэг болгожээ. Энэ уралдаанд иргэний хамгаалалтын байгууламжууд бүхий хотын байгууллагууд оролцох аж.
The Moscow Times сонины мэдээлснээр, дайн, байгалийн болон хүний хүчин зүйлээс үүдэлтэй онцгой байдал үүссэн нөхцөлд хүн амыг хамгаалах бэлэн байгаа эсэхийг шалгах үүднээс Челябинск хотын захиргаа ийм уралдаан зарласан гэнэ. Уралдаанд 150, 600 болон түүнээс олон хүний багтаамжтай хоргодох байруудыг оролцуулах аж. Тусгай комисс тавдугаар сарын 31-ний өдрийг хүртэл хоргодох байруудыг шалгаж, дараа нь ангилал тус бүрт шилдэг гурван байрыг сонгох юм байна.
Хоргодох байранд тавигдах гол шалгуур нь битүүмжлэл байх гэнэ. Түүнчлэн халхлах болон хамгаалалтын төхөөрөмжүүдийн байдал, сантехникийн бүрэн бүтэн байдал, холбоо харилцаа байгаа эсэх, агааржуулалтын төхөөрөмжийн чанарыг шалгахаар зэхжээ.
Өмнө нь ийм уралдааныг Саратов мужийн Энгельс хотод гуравдугаар сарын 30-ны өдөр зарлаж байлаа. Энэ хотод стратегийн нисэх хүчний нисэх буудал байдаг бөгөөд энэ буудал Украины дроны халдлагад гурвантаа өртөж байсан юм.
Энд дуулгахад, Оросын Онцгой байдлын яамны тушаалын дагуу хоргодох байрны үзлэг уралдааныг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай аж. Харин Украинтай дайтах болсноос хойш энэ ажилд онцгой анхаарал хандуулж, хоргодох байрыг шалгах ажлыг өргөн цар хүрээтэйгээр зохион өайгуулах болжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |