Их Британийн EuroMillions лоторейн хамгийн залуу ялагч, 27 настай Жейн Парк өөр шиг нь залуу насандаа асар их хэмжээний мөнгө хожих нь харамсмаар явдал гэж Daily Star сонинд ярьжээ.
Бүсгүй ердөө 17 настай байхдаа сугалаанаас нэг сая фунт стерлинг буюу монгол мөнгөөр 4,2 тэрбум төгрөгтэй тэнцэх мөнгө хожсон байна. 2013 онд энэ их мөнгийг хожсоны дараа амьдрал нь хэрхэн өөрчлөгдсөн талаар Жейн "Сугалааны хараал" нэвтрүүлэгт оролцох үеэрээ ярьжээ.
"Сая фунт гэж хэр их мөнгө болохыг мэддэггүй, хэзээ ч ийм их мөнгө харж байгаагүй учраас би цочирдсон. Тиймээс л хүсдэг байсан бүхнээ авахаар мөнгөө үрсэн" хэмээн бүсгүй ярьжээ.
Асар их мөнгө хожих нь гайхалтай аз завшаан гэж хүн бүр бодох хэдий ч үнэндээ бодит амьдрал дээр өөр байсан, түүнийг хүмүүс дагаж, амь насанд нь халдана гэж сүрдүүлж байсан талаар Жейн ярьсан байна.
"Би тэр мөнгийг хожоогүй ч байсан болоосой гэж боддог" хэмээн Жейн өгүүлжээ.
Тэрбээр сугалаанд хожсон мөнгөнийхөө нэг хэсгийг хөхөө томруулах, гэдсээ татуулах хагалгаанд үрсэн бөгөөд энэ мэс засал амийг нь авахаа шахсан гэнэ.
"Би Бразильд мэс засалд орсон. Гэтэл ирсний дараа хүндрэл гарч, арайтай л үхчихээгүй. Эмч нарын хэлснээр, би мэдээгүйжүүлэлтээс болж ийм хүндрэлтэй тулгарсан гэсэн" хэмээн Жейн ярьжээ.
Мэс заслын дараах хүндрэлийг эмчлэх, хөл дээрээ босоход нэг сарын хугацааг зарцуулсан гэнэ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |