ОХУ Украинд дайн өдүүлснээс хойш жил гаруйн хугацаа өнгөрөөд байна. Дайн эхэлснээс дөрөв хоногийн дараа буюу хоёрдугаар сарын 28-ны өдөр хоёр талын хэлэлцээрийн анхан шат болж, хамгийн сүүлд өнгөрсөн оны гуравдугаар сард Туркийн зуучлалтайгаар хэлэлцээ хийсэн ч ямар ч үр дүнд хүрэлгүй хэлэлцээ зогсонги байдалд орсон юм. Тэр үеэс хойш аль аль тал хэлэлцээ хийх санал санаачилга гаргаагүй, болзол тулгасаар өдийг хүрсэн. Жил тойрон үргэлжилсэн энэ сөргөлдөөнийг зогсоохын тулд Украин хэлэлцээ хийхэд бэлэн ч нутаг дэвсгэрээ өгөхгүй гэсэн байр суурьтай байгаа юм. Энэ удаад ч ийм мэдэгдлийг Украины Гадаад хэргийн сайд Кулеба хийжээ.
Дмитрий Кулеба CNN агентлагт өгсөн ярилцлагадаа аливаа энхийн төлөвлөгөөг хэлэлцэхэд Украин бэлэн, гэхдээ нутаг дэвсгэрээ өгнө гэдэг байж болшгүй зүйл гэдгийг онцолсон байна.
"Аль ч тал гаргасан хамаагүй, аливаа энхийн хэлэлцээрийг бид дэмжинэ" хэмээн Кулеба мэдэгдээд, гэхдээ энхийн төлөвлөгөөний санал нь Украин дайн дууссаны хариуд ОХУ-д нутаг дэвсгэрээсээ өгөх тухай тусгасан байх ёсгүй гэдгийг онцолжээ. Түүнчлэн, Украины ард түмний аюулгүй ирээдүйг хангахуйц байдлаар энхийн төлөвлөгөөг боловсруулах ёстой хэмээн цохон тэмдэглэсэн байна.
Энд дуулгахад, Орос, Украины дайныг дуусгахын тулд тодорхой нутаг дэвсгэрийг Оросын талд өгөх санал нэг бус удаа гарч байлаа. Тухайлбал, Бразилийн Ерөнхийлөгч Оросыг "тайвшруулах"-ын тулд Крымийг Орост өгөх санал тавьж байв. Энэ нь ихээхэн шүүмжлэлтэй тулгарч, Европын холбооны гадаад харилцааны дээд төлөөлөгч Жозеп Боррель Украины эсрэг Оросын дайныг дуусгах энхийн санаачилга санал болгохоосоо өмнө Киевт очоод үз гэж Бразилийн улс төрчдөд зөвлөж байв.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |