Энэ сарын эхээр Хунань мужид дөрвөн хүн уулнаас үсэрч, амиа хорлосон хэрэг гарч байсан. Үүний дараа, олон хүн нэг зэрэг амиа хорлосон хэрэг дахин бүртгэгдсэн талаар South China Morning post сонин мэдээлжээ.
Тодруулбал, Сычуань мужид дөрөвдүгээр сарын 22-ны өдөр гурван хүн амиа хорлосон гэдгийг тус мужийн цагдаагийн газар баталсан байна. Тэдний цогцосыг Тяньцяо тосгоны зэргэлдээх ойд, уулын бэлээс олжээ. Амиа алдсан хүмүүс нь Сычуань мужийн оршин суугч 30 настай эмэгтэй, Фужянь мужийн оршин суугч 26 настай эрэгтэй, мөн Хэнань мужийн оршин суугч 23 настай эрэгтэй байсан гэнэ. Тэд хор ууж амиа хорлосон гэсэн урьдчилсан дүгнэлт гаргажээ.
Амиа алдсан хүмүүсийн цогцосыг олсон газар нь "манант ой" гэдэг нэрээр алдартай бөгөөд учир нь энэ ойд жилийн туршид манан буудаг аж. Мужийн төв Чэнду хотоос манант ой хүртэл машинаар 1,5 цаг явж хүрдэг юм байна. Энэ газар явган аялагчид, жуулчдын дунд ихээхэн алдартай гэнэ.
Эргэн сануулахад, "Аватарын уулс" гэдгээрээ алдартай Тяньмэнь ууланд дөрөвдүгээр сарын дөрөвний өдөр дөрвөн хүн амиа хорлосон гэдгийг нутгийн эрх баригчид мэдээлж байлаа. Нэг дор амиа хорлохоор болсон дөрвөн хүний гурав нь эрэгтэй байсан бөгөөд тэд хаднаас үсэрч амиа хорлосон байна. Харин нэг эмэгтэйг үсрэхээс нь сэргийлж чадсан ч эмэгтэй үсрэхээс өмнө уусан хорондоо хордож амиа алджээ. Тэд 22-33 насны, Фужянь, Хэбэй, Хэнань, Сычуань гээд өөр өөр мужийн оршин суугчид байсан аж. Хятадын хэвлэлүүдийн мэдээлснээр, тэд бүгд амиа хорлох гэж байгаа тухайгаа зурвас бичин үлдээжээ. Хятадад дөрвийн тоог үхлийн бэлгэдэл хэмээн үздэг бөгөөд дөрвөн хүн, дөрөвдүгээр сарын дөрөвний өдрийг сонгосон нь ихээхэн анхаарал татаж байгаа аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |