Казахстаны Астана хотын Эрүүгийн хэргийн дүүрэг дундын шүүх тус улсын Ерөнхий сайд асан Карим Масимовд 18 жилийн хорих ял оноосон талаар Коммерсант мэдээлжээ.
Карим Масимов 2007-2016 онуудад хоёронтаа Ерөнхий сайдын алба, мөн Казахстаны Үндэсний аюулгүй байдлын хорооны даргын албан тушаалыг хашиж байв. Түүнийг 2022 оны нэгдүгээр сард Казахстанд өрнөсөн олон нийтийн эсэргүүцлийн дараа баривчилсан бөгөөд шүүхээс түүнийг төрөөс урвасан, төрийн эрх мэдлийг булаан авахыг завдсан, албан тушаалаа хэтрүүлэн ашигласан хэрэгт буруутай гэж үзэн 18 жилийн хорих ял, 10 тэрбум тенге болон 24 сая долларын торгуулийн ял оноож, бүх насаар нь төрийн алба хаших эрхийг нь хасчээ. Масимовын орлогч байсан гурван хүн ч мөн ял сонссон байна. Тэднийг 3-16 жилийн хорих ялаар шийтгэжээ.
2022 оны нэгдүгээр сард Казахстанд хийн үнэ өссөний дараа олон нийтийн эсэргүүцэл дэгдэж, улмаар орон даяар эмх замбараагүй байдал болон хувирсан юм. Эсэргүүцэгчид Нурсултан Назарбаевыг огцруулахыг шаардаж, эмх замбараагүй байдал дэгдээн, улмаар энэ үеэр 200 гаруй хүн амиа алдсан. Энэ үймээнийг дарахын тулд Казахстаны Ерөнхийлөгч Токаев Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын орнуудаас тусламж хүсэн, назарбаевыг Аюулгүйн зөвлөлийн тэргүүнээс буулган, Назарбаевын төрөл төрөгсдийг албан тушаалаас нь огцруулж байв.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |