Jason Wu: Энэ зун улаан уруул, будаагүй мэт будалт зонхилно
Итали, Англи, Франц, Америк, Япон зэрэг улсад болдог томоохон хэдэн загварын шоунууд тухайн жил ямар дизайнтай, ямар материалаар хийгдсэн, өнгөний ямар сонголттой хувцас, эд хэрэглэл моодонд орохыг тодорхойлдог. Үүнийг дагаад нүүр, нүд, уруулын будалт, өнгө зэрэг нь өөрчлөгдөж байдаг.
Дэлхийн алдарт зохион загвар зохион бүтээгч Jason Wu энэ зуны нүүр будалтын чиг хандлагийг улаан уруулын будаг, будаагүй мэт нүүр будалт хэмээн тодорхойлжээ. Түүний хувьд АНУ-ын ерөнхийлөгч асан Барак Обамагийн нэг болон хоёр дахь тангараг өргөх ёслолын үеэр өмссөн хувцасны загвар дээр ажилласан бөгөөд Мишель Обамагийн даашинзыг урладгаараа алдартай нэгэн юм.
Jason Wu
Энэ жилийн нүүрний будалтын хувьд натурал арьс ноёлох хандлагатай байна. Нүүрний арьсан дээр суурь тос түрхэж, крем, энгэсэг, будаг тавихаас илүүтэй арьсаа өөрийнхөөр нь байлгахыг илүүд үзэж байгаа аж. Энэ хандлага нь бүсгүйчүүдийг арьсдаа илүү анхаарал, халамж тавихад хүргэх юм. Гол дүрэм бол арьсаа тогтмол сүүн шингэн, витаминаар баялаг чийгшүүлэгчээр цэвэрлэхэд арьс тань тунгалаг сайхан харагдах болно. Заавал крем тавих шаардлагатай бол бага зэрэг суурь тавиад дулаан мэдрэмж төрүүлэх зөөлөн хүрэл өнгийн крем түрхэх аж. Мөн сүүдэр тавихдаа ч “байгалиараа” гэсэн уриаг баримтлах хэрэгтэй.
2023 оны хавар, зун нүүр будалтын хувьд төрөлх гоо үзэсгэлэнгээ илэрхийлсэн “НАТУРАЛ” байдал таныг хүчирхэг харагдуулна. Тэгэхээр бүсгүй та зүгээр л нүүрнийхээ хамгийн сайхан шинж чанарыг онцолж, байгалийн гэрэлд сайхан харагдахад л энэ хавар, зуны нүүр будалтын онцлог оршиж байгаа юм.
Улаан уруулын будгийг зөвхөн онцгой үйл явдал тохиолдуулан хэрэглэдэг байсан үе аль хэдийн өнгөрчээ. Одоо ямар ч үед, ямар ч нөхцөлд улаан өнгөөр уруулаа будах нь зохистой төдийгүй бараг л бүх төрхийг илүү загварлаг харагдуулах увдистай, шилдэг аргачлал болсон. Өдөр тутамдаа улаан уруулын будгийг илүү байгалийн нүүр будалттай хослуулах нь зүйтэй бол үдшийн гаралтад зориулж хүссэн хэв маягаараа будаж болох юм. Ийнхүү тод өнгийн будалтад энгийн натурал будалт хийж өгсөнөөр өдөр тутамдаа эмэгтэйлэг бөгөөд үзэсгэлэнтэй дүр төрхийг бий болгох юм.
Ц.Наранцацрал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ