YONHAP: Солонгос оддын амиа хорлолт ба сэтгэцийн асуудал

YONHAP: Солонгос оддын амиа хорлолт ба сэтгэцийн асуудал

Амиа хорлож нас барсан Өмнөд Солонгосын одуудын нэрсийн жагсаалт жил ирэх тусам урт болж байна. Дурдвал, Choi Sulli, Кim Jong Хyun, Lee Eun-ju, U;Nee, Jeong Da-bin, Ahn Jae-hwan, Choi Jin-sil, Choi Jin-young, Yoo Ju-eun, Lee Ji-han нарын хойноос хамгийн сүүлд Astro хамтлагийн дуучин Moonbin харамсалтайгаар амиа алдаад байна. 


"Yonhap News"-ийн мэдээлснээр Өмнөд Солонгос амиа хорлолтын төвшнөөр дэлхийд хоёрдугаарт жагссан байна. Үүнд нэр хүнд бүхий оддын тоо багагүй хувийг эзлэх болсон бөгөөд эл асуудалд саяхнаас анхаарал хандуулж эхэлжээ. Энэхүү асуудалд хэд хэдэн учир шалтгааныг сэтгэл судлаач болон бусад мэргэжилтнүүд хэд хэдэн учир шалтгаануудыг тайлбарласан байна. Үүнд: 


Сэтгэл зүйн хөтөлбөрүүд дутмаг 


“Гурван жилийн өмнө манай агентлагтай гэрээ байгуулсан нэг дуучин өөрийнх нь талаар интернетэд элдэв зүйл бичигдсэнээс болоод сэтгэлзүйн хямралд орж, гэрээсээ гарахаас татгалзаж, сэтгэл зүйчид үзүүл гэхэд улам бүр доог тохууны бай болно гэж үзүүлэхээс татгалзаж байсан юм” гэж Солонгосын урлагийн нэгэн агентлагийн гүйцэтгэх захирал ярьж байв. Энгийн Солонгос иргэд сэтгэл зүйчид хандах нь улам ихсэж байгаа бол алдартнуудын хувьд энэ нь байж боломгүй зүйл гэх хандлага байдаг.


АНУ, Японы урлагийн том агентлагууд өөрсдийн жүжигчиддээ сэтгэл зүйн зөвлөгөө өгүүлж, байнга үйлчилгээ үзүүлдэг. Амьдралынх нь хором тутам интернетэд бичигдэж байдаг алдартнуудын хувьд сэтгэл зүйн дарамт ачаалал бүр их байдаг. Өмнөд Солонгост цахим хөгжил өндөр төвшинд хүрсэн нь Солонгосын одуудад их ачаалал, дарамт болдог. “Нөхцөл байдал өөрчлөгдчихөөд байхад авъяастны агентлагууд аль 1990-ээд оны үеийнх шигээ л ажиллаж, эргэн тойрноосоо хоцрогдоод байна” гэж “Music Farm” агентлагийн захирал Kang Tae-kyu ярьж байна.


Одууд амралтгүй ажиллах хэрэгтэй болдог


2013 онд "Good Day" хамтлагийн гишүүн Ким Чэ Ён долоо хоногт таван удаа шөнө дунд болтол бүжгийн бэлтгэл хийж байсан бөгөөд энэ нь ирээдүйд PSY-аас илүү алдартай болох зорилготой байсан гэнэ. Бэлтгэлдээ зориулж буй цаг хугацаагаа тэрээр өөрийнхөө ирээдүйд хөрөнгө оруулалт хийж байгаа хэрэг хэмээн хүлээн авдаг байжээ.


Ирээдүйн дуучин, жүжигчдийг бага байхаас нь тодорхойлдог бөгөөд тухайн хүүхдийг ирээдүйтэй, авъяаслаг гэж үзэж байвал 10-12 насанд нь хөгжмийн  компаниуд булаацалдаж авдаг байна. Ингээд ирээдүйн одын бэлтгэл эхэлж тэрээр дуу, бүжиг, англи хэлний сургалт, дугуйланд хамрагдана. Хүүхэд байхаасаа эхлэн тэд "спартан" дэглэмээр амьдарч эхэлдэг байна. Тэдэнд сургуулийн энгийн амьдрал, нийгмийн харилцаа, үеийнхээ хүүхдүүдтэй ижил байдлаар хөөрөх, хөгжилдөх боломж олдоггүй.


Дуу болон дууны үгийг тухайн компани өөрсдөө сонгодог бол, хоолны дэглэм болон амьдралын хэв маягийг тухайн агент сонгож өгдөг байна. Үүнээс гадна эдгээр сурагчид хэн нэгэнтэй хайр сэтгэлийн холбоотой болох ёсгүй, эмнэлгийн тусламж ч авах хориотой байдаг аж. Энэ нь компанийн нэр хүндэд сөргөөр нөлөөлнө гэж үздэг байна.


Тэд хэт их үүрэг, хариуцлага хүлээдэг


Нөгөө талаас одууд асар их өндөр хариуцлага үүрдэг бөгөөд тэд чанартай бүтээл гаргахаас гадна, үргэлж олны өмнө ил байдаг учир биеэ зөв авч явж, өөрийн үйлдэл бүрийг хянах хэрэгтэй болдог. Тэд хостой болох, ядарсан үедээ хүссэнээрээ амрах эрхгүй.


"JJCC" хамтлагийн гишүүн Принс Мак-ын хэлснээр 10 жилийн гэрээ байгуулах нь 20 жилийн турш эрх чөлөөтэй, өөрийн хүссэнээр амрах цаг хугацааг алддаг гэжээ. Үүнээс гадна орлогын 80-90 хувийг тухайн хамтлагийн хариуцагч компани өөртөө авдаг гэнэ. Мөн тэд ямар ч тохиолдолд эерэг хандлагатай байх хэрэгтэй. Солонгос дуучдын дуулж буй дууны үг нь ихэнхдээ аз жаргалтай, баяр хөөртэй амьдралыг илэрхийлдэг учир дуундаа тохирсон амьдралын хэв маягтай байх хэрэгтэй хэмээн зохиолч Жоан Макдональд хэлсэн байна.


“Одууд үргэлж стресс, дарамттай байдаг учир сэтгэл санааны хувьд таагүй байх нь ойлгомжтой. Тэдний талаарх мэдээлэл цахим сүлжээгээр цаг үргэлж тархаж, тэдний уналт нь алдрын оргилд хүрсэнтэй адил хурдан байдаг” ажээ.


Шүтэн бишрэгчид болон бусад хүмүүсийн хандлага 


Эцэст нь Солонгос одуудын амиа хорлодог гол шалтгаануудын нэг нь ялангуяа бүсгүйчүүдийн хувьд, тэднийг “амьгүй зүйл” мэтээр хүлээн авах явдал юм. Зургаан долоо хоногийн хугацаанд олны танил хоёр бүсгүй амиа хорлосон бөгөөд "The Guardian" сэтгүүлийн мэдээлж байгаагаар энэ нь одуудад хандах хандлагатай холбоотой аж.


Сулли сэтгэл санааны гүн хямралд орсон байсан бөгөөд ялангуяа феминистүүдийн үзэл бодлыг дэмжсэнээр ард түмний дургүйцлийг ихээр хүргэсэн. Ингээд бүсгүйг хорлох, үзэн ядах үйл ажиллагаа эхэлсэн аж. Энэ асуудалтай Гү Хара ч тулгарсан гэдэг.


Өмнөд Солонгост одуудыг хувь хүн гэдэг талаас нь биш харин олон нийтийн хөрөнгө мэт хардаг учир тэдэнд энгийн амьдралаар амьдрах эрх байхгүй. Одууд доромжлолыг тэвчиж, морь нохой мэт зүтгэж хэзээ нэг өдөр эрх чөлөө ирнэ гэдэгт итгэж амьдрах хэрэгтэй болно. Тэд үргэлж өөрийн харьяалагдах компаниасаа төдийгүй, олон нийтийн дарамтад байдаг учир сэтгэл санааны гүн хямралд орж амиа хорлох алхмыг сонгоход хүрдэг байна. 

 

Ц.Наранцацрал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Есуст итгээрэй:
Есус итгэх хэрэгтэй дэ одууд минь . сэтгэл зуйчид их менге телж байхаар. библэ унших хэрэгтэй. четгерийн сунс хуний оюун бодолд нь нелеелсеер байгаад айлгаж ичээсээр байгаад л шивнэсээр байгаад хуурч мэхэлж гарах гарцгуй мэт шаналалд автуулж байгаад амиа хоролход хургэдэг шуу аюултай
2023-04-20
Зочин:
Монголчууд бас сэтгэлийн хямралтай сэтгэцийн өвчтэй
2023-04-20