Гэрээсээ гараад сураггүй болсон иргэдийг хайж байна

Иргэн А нь энэ сарын 15-ны өдрийн 19.00 цагийн орчимд Ховд аймгийн Булган сумын Баянсудал багийн “Мэргэн” гэх газар байдаг гэрээсээ явган гараад сураггүй болжээ. Онцгой байдлын байгууллага энэ тухай дуудлагыг 04 дүгээр сарын 17-ны өдрийн 11.28 цагт хүлээн авсан байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Булган сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 38 дугаар анги, Цагдаагийн хэлтсийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн нь иргэн А /37 настай, эрэгтэй, сэтгэцийн эмгэгтэй/-ыг 19-ний өдрийн 12.50 цагаас 20.15 цаг эрэн хайжээ.
Булган сумын Баянсудал багийн “Хар хад”, “Өлхөн-Өтөг”, “Халтмайн хар”, “Цагаан хоолой” гэдэг газраар явганаар 60 км-т, “Хүрдын-Улаан”, “Давсан хуурай”, “Зах-Ус”, “Мэргэн-Уул” гэдэг газруудаар 60 км-т автомашинтайгаар эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй байна. Түүнийг өнөөдөр өглөө 07.00 цагаас эхлэн үргэлжүүлэн эрэн хайж байна.
Мөн Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Тост багийн “Шугшаа” хэсгийн 7 дугаар гудамжинд амьдардаг иргэн Ө энэ сарын 18-ны өдрийн 16.00 цагт гэрээсээ явган гараад сураггүй болжээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гурвантэс сум дахь Гал түймэр, унтраах аврах 67 дугаар анги, Цагдаагийн тасгийн алба хаагчид, сумын мэргэжлийн ангийнхан иргэн Ө /21 настай, эрэгтэй, сэтгэцийн эмгэгтэй/-ыг энэ сарын 19-ний өдрийн 09.35-21:40 цаг хүртэл эрэн хайжээ.
Зургаан бүлэгт хуваагдан Гурвантэс сумын Тост багийн “Улаан чулуу”, “Үүрт”, “Загт боом”, “Оёдол”, “Хөвийн хуруу”, “Товон толгод” гэдэг газруудад 40 км-ын радиуст эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан байна. Түүнийг өнөөдөр өглөөний 07.00 цагаас үргэлжүүлэн хайж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ