"Монгол-Хятадын хооронд иргэд суудлын машинаараа зорчих нөхцөлийг бүрдүүлэхээр чармайж байна"
2023-04-19

Зам тээврийн хөгжлийн яамнаас Монгол-Хятадын хилийн автозамын боомтоор суудлын машин нэвтрүүлэх журам боловсруулжээ. Энэхүү журмын талаар БНХАУ-тай хэлэлцэж, яаралтай шийдвэрлэхийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгээс хүсчээ. 

 

 

Энэ журам хэрэгжвэл манай улсын иргэд өөрийн машинаараа Замын-Үүд, Булган, Бичигт зэрэг урд хөрштэй хиллэдэг боомтуудаар Хятад улс руу зорчих боломж нээгдэх юм. 

 

Энэ тухай ЗТХ-ийн сайд С.Бямбацогт "Зам, тээврийн хөгжлийн яамнаас Монгол, Хятадын хооронд иргэд суудлын автомашинаар зорчих нөхцөлийг бүрдүүлэхээр чармайж байна. Энэ хүрээнд хоёр талын холбогдох байгууллагуудын төлөөллийг оролцуулсан уулзалт зохион байгуулж, “Монгол, Хятадын хилийн авто замын боомтоор суудлын автомашиныг нэвтрүүлэх журам”-ын төслийг танилцуулсан. Энэхүү журмын төслийг Гадаад харилцааны яамаар дамжуулан Хятадын талтай тохирохоор ажиллаж байна.

 

Мөн Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын автотээврийн хэлэлцээрт суудлын автомашинаар харилцан зорчих зохицуулалтыг тусгахыг хичээж байгаа болно.

 

Энэ асуудал ажил хэрэг болвол Замын-Үүд, Булган, Бичигт зэрэг урд хөрштэй хиллэдэг боомтуудаар иргэд суудлын автомашинтайгаа чөлөөтэй нэвтрэх бололцоо бүрдэнэ" хэмээн цахим хуудсанаа бичжээ.

 

Shuud.mn
Сонин хачин