П.Золжаргал: Каннын кино наадам бол бидний төсөөлж байгаагүй хамгийн том бэлэг байлаа

П.Золжаргал: Каннын кино наадам бол бидний төсөөлж байгаагүй хамгийн том бэлэг байлаа

 

Дэлхийн хамгийн алдартай, нөлөө бүхий Каннын кино наадмын "Un Certain Regard" төрөлд найруулагч П.Золжаргал "Баавгай болохсон" киногоороо нэр дэвшлээ. “Баавгай болохсон” түүний анхны бүрэн хэмжээний кино төсөл бөгөөд 2017 онд “Талентс Токио” дээд шагнал, “Нэкст Мастерс Супорт” зохиол хөгжүүлэх тэтгэлэг хүртэж байжээ. -35 градусын хүйтэнд даарахдаа баавгай шиг өвөлдөө ичиж, амьдрахыг хүссэн хүүгийн хүслээс үүдэн киноны нэрийг өгсөн. 

 

Найруулагч П.Золжаргал

 

Би өөрөө гэр хороололд өссөн. Одоо ч гэсэн гэр хороололд амьдардаг. Утаа манай улсад тулгамдаж байгаа гол асуудал. Ингэхдээ гэр хорооллынхныг санаатайгаар нүүрс түлж, хотоо хордуулж, утааг үүсгээд байгаа юм шиг ойлгож, ярьдаг. Энэ байдал миний эмзэглэлийг төрүүлсэн.

 

Одоогоос зургаан жилийн өмнө Улаанбаатарт болсон “Утааг устгая” уриатай жагсаалын үеэр төрсөн эмзэглэлээс Баавгай болохмон кино зохиолоо бичих санаа төрж байсан. Ийнхүү бичих, хөгжүүлэх ажил эхэлж, 2021–2022 оны өвөл зураг авалтаа хийж дуусгасан. Кино багийн дийлэнхийнх нь хувьд энэ бүтээл анхны бүрэн хэмжээний кино бөгөөд арын алба болон жүжигчид нийлээд 50 гаруй хүн -35 градусын хүйтэнд энэхүү киноны ард ажилласан. Эмзэглээд өнгөрөлгүйгээр дотоод хашхираанаа кино хальсанд буулгасан нь бэрхшээлтэй асуудалд бяцхан шийдлийг багтааснаараа онцлог юм. 

 

Бид Францын Каннын кино наадамд уригдаад байгаа бөгөөд найруулагчийн зардлыг уригч тал гаргана. "Соёлын яамнаас ерөнхий продюсер, ерөнхий зураглаачийн маань зардлыг гаргахаар болсон. Би бүх хүч чадлаа дайчилж, энэ кинонд тоглосон гол дүрийн хүүхдүүдтэйгээ улаан хивсээр алхах хүсэлтэй байна. Тийм учраас хүүхдүүдийнхээ зардал мөнгийг шийдэхээр тусалж дэмжих спонсор хайж байна. Манай кино одоогоор дэлхийн нээлтээ хийх товоо гаргаагүй байгаа. Нээлтийн өдрөө зарлавал кино багийнхан Франц улс руу явна" гэсэн юм. 

 

Физикийн шинжлэх ухаанд дуртай 15 настай хүүгийн тухай өгүүлэх тус кино өнөөгийн нийгэмд тулгамдаад буй маш олон асуудлыг хөнджээ. 

 

П.Золжаргал кино зохиолоо анх "Лантуун дохио" ТББ-ын хамт олонд танилцуулснаар Швейцарийн хөгжлийн агентлагийн Соёлын хөтөлбөрт төслөө өгч, анхны санхүүжилтийг авсан байна. Мөн "Монголын Финтек" групп санхүүжилтээр дэмжжээ. Үүний дараа олон байгууллага, хамт олон болон 70 гаруй хувь хүн, байгууллага буцаан төлөх шаардлагагүйгээр чин сэтгэлийн хандив өгч, тусалжээ. Ингэснээр зураг авалтаа хийх боломжтой болсон байна.  

       

П.Золжаргал нь Япон улсын Обирин их сургуулийг кино найруулагч мэргэжлээр төгссөн бөгөөд 2012 онд сургуулиа төгсөөд Монголд ирснээсээ хойш “Шат”, “Нүцгэн гэрэл”, “Yellow bus” зэрэг богино хэмжээний хэд хэдэн кино хийж, үзэгчдийн хүртээл болгосон төдийгүй “Шат” кино нь 38 дахь удаагийн Чикагогийн олон улсын хүүхдийн кино наадмын ТЭРГҮҮН шагналыг хүртэж, алдарт Оскарын шагналын богино хэмжээний киноны төрөлд “ENTRY” хийсэн амжилттай яваа залуу найруулагч юм. “Шат” киног хийхдээ Монголын Урлагийн Зөвлөл болон Австралийн “Бас стоп филмс” ТББ-тай хамтарсан бөгөөд уг төсөл нь оюуны хөгжлийн ялгаатай залууст кино хийх арга барилыг зааж өгөх, мэргэжлийн уран бүтээлчидтэй хамтарч ажиллах боломж олгосноороо маш онцлог. Оюуны хөгжлийн ялгаатай 18 залуус кино хийх бүх үйл явцад оролцож, зургийн талбай дээр мэргэжлийн уран бүтээлчидтэй мөр зэрэгцэн ажилласан юм. Энэ утгаараа Токиогийн Short Shorts Film Festival-аас 不可能を可能にする буюу “Боломжгүй зүйлийг боломжтой болгосон” хэмээх шагналыг хүртсэн байна.                         

                                                                     

"Баавгай болохсон" уран сайхны киног олон улсад түгээх, худалдах үйл ажиллагааг Франц улсын "Urban Sales" компани хариуцан ажиллахаар болжээ. Мөн Франц улс дахь дистрибюшн эрхийг "Eurozoom" эзэмшиж байгаа бөгөөд киноны пост продакшн Парис хотноо хийгджээ. Удахгүй Монгол улсдаа үзэгчдийн хүртээл болгохоор зорьж байгаа билээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Sain zaluu mini amjilt
2023-04-20