Төрийн банк 2023 оны санхүүгийн тайланд аудит хийлгэхээр тендер зарласан байна. Тендерийн төсөвт өртөг 373 сая төгрөг байх юм. Тэгвэл Төрийн банк 2023 оны төсвийн жил гарснаас хойш, хөрөнгөө хэрхэн захиран зарцуулж байгаа талаарх мэдээллийг хүргэе.
Тус банк өнгөрсөн нэгдүгээр сард нэг тэрбум төгрөгийн цалингийн зардлаас бусад таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий зарлагын 77 төрлийн мөнгөн гүйлгээ хийсэн байна. Харин хоёрдугаар сард НЭГ тэрбум 400 сая төгрөгийн цалингийн зардлаас бусад таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий зарлагын 96 төрлийн мөнгөн гүйлгээ хийжээ.
Шилэн дансны гүйлгээнээс тус банкны гуравдугаар сарын гүйлгээ анхаарал татаж байгаа. Учир нь Монгол Улс 2023 оныг төсвийн хэмнэлтийн жил болгон зарласан. Хэмнэлтийн хуулийг улс орон даяар төрийн бүх шатны аж ахуйн нэгж байгууллага мөрдөн ажиллаж буй. Гэвч энэ хуулийг Төрийн банк зөрчиж 340 сая төгрөгөөр ажилчдаа гадаадад аялуулсан байна.
Тодруулбал, тус банк өнгөрсөн гуравдугаар сард НЭГ тэрбум 900 гаруй сая төгрөгийн цалингийн зардлаас бусад таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий зарлагын 111 төрлийн мөнгөн гүйлгээг хийсэн байна. Үүнээс хамгийн өндөр дүнтэй ажилчдын аялах зардал буюу 350 сая төгрөг зарцуулсан байгаа юм. Төр бүх л шатандаа хэмнэж, хүүхдийн мөнгийг хүртэл танасан энэ үед Төрийн банк ийнхүү төсвийн мөнгөөр туйлж хэдэн зуун саяар нь аялалд зарцуулж байгаа нь хэр цаг үеэ олсон зарцуулалт вэ?
Төсвийн 350 сая төгрөгөөр туйлж аялж зугаалсан тус банк ийнхүү 370 гаруй сая төгрөгөөр аудит хийлгэх нь хэр зохистой зарцуулалт вэ? Төр хэмнэнэ гээд хуульчилсан ч төрийн байгууллагууд нь хөрөнгө мөнгөөр туйлсаар байгаагийн жишээ энэ юм.
П.ГОО
Уншиж байна |