Хөтөлийн Цемент Шохой ХК-ийн гүйцэтгэх захирал Л.Наранбаатарыг үүрэгт ажлаас чөлөөлөх нь тодорхой болжээ.
Аудитын байгууллагаас хийсэн шалгалтаар Л.Наранбаатар төсвийн хөрөнгийг үргүй зарж, хууль зөрчсөн нь тогтоогдсон. Үүний дараа тус үйлдвэрийн ажилчид Л.Наранбаатартай ажиллаж чадахгүйгээ мэдэгдэж, хариуцлага тооцохыг шаардаж эхэлсэн юм. Энэ дагуу ТӨБЗГ-аас Цемент Шохой ХК-д ажиллаж эхэлсэн байна. Мөн ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл маргааш өөрийн биеэр тус үйлдвэрт ажиллаж, Л.Наранбаатарыг чөлөөлөх саналыг ТУЗ-ийн хурал болон Засгийн газарт гаргах аж.
ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл Цемент Шохой ХК-ийн гүйцэтгэх захирал Л.Наранбаатар өмнө нь сахилгын шийтгэл хүртэж байснаас гадна архи ууж олон хоногоор алга болдог, ажлаа хийдэггүйг хэлж байна. Хувь хүний сахилга хариуцлагагүй байдлын дээр аудитын сөрөг дүгнэлт Л.Наранбаатарыг Цемент Шохой ХК-ийн удирдлагаас чөлөөлөх хангалттай үндэслэл болохыг ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл хэлж байна.
Б.Хэрлэн