Б.Мөнхзаяа: Өөрт байгаа авьяас, ур чадвараа ашиглаад юуг ч урлаж болно

Эмэгтэй хүний эрхэмсэг ялдам дахин давтагдашгүй төрхийг илэрхийлдэг нэг зүйл нь хумсны гоо сайхан гэдэгтэй маргах хүн үгүй биз ээ. Хумс будах арга техникийг урлаг болтол хөгжүүлж олон улсад эх орныхоо нэрийг гаргасан нэгэн бүсгүйг онцоллоо. Тэрбээр Саяхан болсон Brilliant cup дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд таван төрлөөр оролцож дөрвөн алтан цомын эзэн болсон билээ. Түүнийг Б.Мөнхзаяа гэдэг “Nail artist” чиглэлд томоохон хувь нэмэр оруулж яваа чадварлаг нэгэн юм.
- Саяхан болсон "Brilliant cup" дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсонд баяр хүргэе. Тэмцээний сонин сайхнаас хуваалцаач?
- Арабын нийслэл эмерат улсын Дубай хотноо зохион байгуулагдсан “Brilliant cup” -ийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд “Emerald cup” баг бүрэлдэхүүнээрээ онлайнаар оролцоод дууслаа. Миний хувьд Poster Stiletto Form French, Poster One Nail in Focus, Tip Box Mix Media Floristic 3D-10 Tips, Figurine 5D гэсэн дөрвөн төрөлд нэгдүгээр байр эзэлсэн. Энэхүү тэмцээнд шивээс, үс засалт, нүүр будалт, хумс урлах зэрэг нийтдээ 6500 бүтээл өрсөлдсөн юм. Миний хувьд анх удаа олон улсын тэмцээнд оролцоод ийнхүү амжилттай эхэлж байгаадаа баяртай байна.
- Ойр дотнын тань хүмүүс таны амжилтаар бахархаж байгаа байх?
- Тэгэлгүй яах вэ. Намайг дэмжиж, урам зориг өгч байсан гэр бүл, найз нөхөд, үйлчлүүлэгч нар маань их баяртайгаар хүлээж авсан. Энэ олон хүний итгэл, дэмжлэг одоогийн байгаа амжилттай минь бат холбоотой шүү дээ. Мөн Б. Мөнх Амгалан , Б.Мөнхтайван багш нар маань намайг чиглүүлж амжилт үзүүлэхэд маш том дэмжлэг болсон. Багш нараараа бахархаж ,баярлаж явдаг.
- Тэмцээнд оролцохдоо хэдий хугацааг зарцуулж орсон бэ?
- Миний хувьд таван төрлөөр орсон учраас 10-14 хоног зарцуулсан.
-Хэд дэх жилдээ артистаар ажиллаж байна вэ?
- 2014 онд анх ээж маань санал болгоод бие даан сурч эхэлсэн. Үүний дараагаар 2015 онд анх удаа Б.Мөнхтайван багшийн нэг өдрийн сургалтад сууж байсан. Цахим орчинд Hulan гэдгээр нь хүмүүс танина. Үнэхээр чадвартай мэдрэмжтэй хүн байдаг юм л даа. Гэр бүлтэй болоод хүүхдээ төрүүлээд хэсэг завсарлага аваад энэ жилээс л тэмцээн уралдаанд орох боломж олдсон юм.
Миний хувьд 2014-2018 оны хооронд оюутан байсан болохоор хичээлийнхээ хажуугаар өөрийнхөө хэмжээнд сурсаар л байсан. Одоогоор тасралтгүй таван жил ажилласан байна.
- Одоогоор хэчнээн төрлийн хумс хийж байна. Загвараа хэрхэн гаргадаг вэ?
- Маникюр гэхээр нэгэн хэвийн өдөр тутмын зүйл хийгээд байдаггүй. Тийм учраас шинэ гарч байгаа, олон улсад тренд болж буй хумсны загвар, дизайны талаар үргэлж судалдаг. Цаг ямагт өөрийгөө хөгжүүлж байхыг эрмэлздэг. Хумсны дизайн бол дэлхийд урлаг болтлоо хөгжчихсөн тул загвар чиг хандлага нь тоймгүй олон. Одоогоор ажлын орчинд гелэн будалтаас эхлээд Акуа хумс, пренч хумс, акрилик поли жел, смарт хумс гэх мэт манай монголд хийгддэг хумсыг хийж байна. Орчин үед бүсгүйчүүд хумсандаа анхаарал тавьж гоёх нь өдөр тутмын хэрэглээ болжээ. Тийм ч учраас шинэ содон байхаас гадна чанартай, найдвартай үйлчилгээ үзүүлэхийг эрмэлздэг.
-Охид бүсгүйчүүдийн дунд дэлгэрч буй тренд чимэглэлийн тухайд?
Жил болгон хумс урлалын тренд өөрчлөгдөж байдаг. Тэрийгээ дагаад бид суралцсаар л байдаг. Энэ жилийн тренд хумсны тухайд япон, солонгос гэх мэт стиль имижийн будалт чимэглэлүүд илүү их эрэлт болж байна. Үнэргүй эко хумс материалаас эхлээд эко гелэн будаг хүртэл гарсан байна.
-Хумсны гоёл чимэглэл, болон хэрэгслүүдийг хаанаас авдаг вэ. Монголд түгээмэл байж чаддаг уу?
- Хумсны материал чимэглэл нэг үеэ бодоход Орос, Солонгос, Хятад улсаас оруулж ирдэг олон дэлгүүр байдаг болсон. Нэг хумс хийхэд маш олон материал хэрэглэгддэг мөн маш хурдан эргэлддэг учраас Монголдоо байгаа дэлгүүрээс худалдан авалт хийж байна.
-Үйлчлүүлэгчээсээ сонсож байсан хамгийн гоё үг?
- Манай үйлчлүүлэгчид гоё хүссэнээрээ хийлгэлээ гээд л гарцгаадаг. Зүгээр л үгээрээ бус үйлдлээрээ сэтгэлт ханамжтай байгаа үйлчлүүлэгчээ харахад тэр өдөржин сэтгэлд өег сайхан байдаг даа. Байнга хүнтэй харьцдаг мэргэжил болохоор аль над дээр ирсэн үйлчлүүлэгч болгондоо халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлж өгч, сайхан мэдрэмжийг түгээхийг хүсдэг.
- Ойрын хугацаанд ямар зорилго төлөвлөгөө, ажил амжилтыг төлөвлөж байна вэ?
- Манай нөхрийг Д.Баярцогт /Шивээсчин Цогоо/ гэдэг. Бид “Gold line Creation” LLC ажиллуулаад гурав дах жилдээ явж байна. Ойрын хугацаанд Салоноо олон нийтэд илүү их таниулж, чанарыг улам сайжруулж ажиллах төлөвлөгөөтэй байна.
-Ярилцсанд баярлалаа
Ц.Наранцацрал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ