Арьс ширний үйлдвэрүүдийн 11 жил хүлээж буй ЭМЭЭЛТИЙН ПАРК
2023-04-06

"Хөдөө аж ахуйн салбарт УХРАЛТ хэрэгтэй байна" гэдэг үгийг арьс ширний салбарын амьд түүх болсон гавъяат эрхэм хэлж байна. Түүнийг энэ салбараас ажил амьдралын гараагаа эхлэхэд Монгол улсын малын тоо толгой 30 сая хүрээгүй байсан ч Азид томд тооцогдох арьс ширний үйлдвэртэй байжээ.

 

 

 Гэтэл өнөөдөр 70 гаруй сая тоо толгой малтай Монгол Улс малаас гарч байгаа түүхий эдийг боодол бохины үнэнд хүрчихэж. Иймээс л тус салбарынханд ухралт хэрэгтэй байгааг аж үйлдвэрийн гавъяат эрхэм онцолж байна. Тэгвэл гарц нь юу байх вэ? 

 

Хэдхэн жилийн өмнө Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд үйл ажиллагаа явуулж буй арьс ширний 28  үйлдвэр байсан. Байсан гэдгийн учир нь өнөөдөр эдгээрээс 5-6 нь л үйл ажиллагаагаа явуулж байна. Тэд арьс ширний үйлдвэрийнхэн салбараа аврахын тулд  кластер байдлаар хөгжих МӨРӨӨДӨЛТЭЙ. 

 

Энэ талаар Монголын арьс ширний үйлдвэрийн гүйцэтгэх захирал Т.Баярсайхан "Арьс ширний үйлдвэрийг анх нэгдэл гэдэг байдлаар нь хөгжүүлж байсан. Орчин цагт кластер гэж нэрлээд байна. Арьс ширнээс маш олон түүхий эд гарч байгаа. Арьсан бүтээгдэхүүнээс гадна цавуу, саван болон төрөл бүрийн бордоо үйлдвэрлэх боломж бий. Үүнийг боловсруулж байж гадны ижил төрлийн үйл ажиллагаа явуулж үйлдвэрүүдтэй өрсөлдөхүйц хэмжээнд хүрнэ. Гэвч өнөөдөр Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд байгаа үйлдвэрүүд бүгд хувьчлагдаад, өөр өөр зориулалттай болчихсон. Арьс ширний үйлдвэрүүд паркийн зориулалтаар хөгжих нь бусад орнуудын хөгжлийн жишигт хүрэх боломж нээгдэнэ. Төрөөс “Эмээлт эко” паркийн дэд бүтцийг бүрэн шийдчихвэл бид өнөөдөр ч нүүхэд бэлэн. Нүүсний дараа үйлдвэрээ өргөжүүлж олон төрлийн бүтээгдэхүүн гаргах кластер маягаар үйлдвэрүүдээ хөгжүүлэх, цаашлаад олон улсад ч өрсөлдөх боломж бий" гэсэн юм. 

 

Тэгвэл арьс ширний үйлдвэрийнхэн КЛАСТЕР байдлаар хөгжих боломжтой юу?

 

Одоогоор Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо орчимд арьс, ширний үйлдвэрүүд үйл ажиллагаагаа өргөжүүлэхээр газраа өргөтгөх боломж өнөөгийн нөхцөлд байхгүй. Цаашид тухайн үйлдвэрүүдийн хүн ам төвлөрсөн суурьшлын бүсэд өргөжин тэлэх ч боломжгүй. Иймээс эрх баригчдын зүгээс “Эмээлт эко парк “байгуулах 2022 оны Засгийн газрын 08-р тогтоол гарсан. Энэ тогтоол бол 4000 орчим хүн ажиллаж, амьдралаа залгуулж байгаа арьс ширний салбарт шинэчлэлт авчирна гэдэгт салбарынхан бүрэн итгэж, уг тогтоолыг 100 хувь дэмжиж байгаа билээ.

 

 Одоогоор “Эмээлт эко парк”-ыг барихад зориулж нийслэлээс 518 га газрыг Эмээлт-Аргалантад олгоод буй.  Мөн Дэлхийн банкнаас тус эко паркыг барьж байгуулахад шаарлагатай хөрөнгө оруулалтыг хийхээр шийдвэрлэж, ТЭЗҮ-г боловсруулсан гээд паркыг барьж байгуулах ажил аль хэдийн гараанаас гарчээ.


Уг парк ашиглалтад орсноор монголын суурь үйлдвэрлэлийн салбар болох арьс, ширний үйлдвэрлэлд сэргэлт бий болж, экспортын нэр төрлийн бүтээгдэхүүний тоо хэмжээ нэмэгдэх, уг үйлдвэрлэлийг дагаж цавуу, коллаген, гоо сайхан, савангийн үйлдвэрлэл хөгжих үндсэн суурь бий болох юм. Эдийн засгийн байдалд таатай нөлөө үзүүлж, байгаль орчинд ээлтэй хэлбэр рүү шилжих уг парк ашиглалтад орсоноор нийслэлийн 30 мянга орчим иргэн ажлын байртай болно гэдэг судалгаа бий.

 

Энэ судалгааг бодит ажил хэрэг болгож Дэлхийн банктай дэмжлэгтэй урагшлах “Эмээлтийн эко парк” байгуулах төслийг ХХААХҮЯ, Засгийн газрын хуралдаанд танилцуулж, Засгийн газар, УИХ дэмжсэнээр  бүтээн байгуулалтын ажлууд хүлээлт үүсгэж байна.

 

Мөн Арьс ширний үйлдвэрүүдээс гарсан бохирыг “Харгиа” цэвэрлэх байгууламж дээр цэвэрлэж, Туул гол руу цутгадаг. Гэвч “Харгиа” цэвэрлэх байгууламж ачааллаа дийлдэггүй. Иймээс арьс ширний үйлдвэрүүдийг өөр дээрээ анхан шатны цэвэршүүлэлт хийдэг байгууламжтай байх шаардлагыг тавиад байна. Энэ шаардлагаас үүдэн хэд хэдэн үйлдвэрүүд хаалгаа барьжээ. Иймээс тэд нэн яаралтай нийслэл хотод хамгийн ойр, ажиллах хүч, боловсон хүчний хомстолд орохгүй, үйлдвэрийн үйл ажиллагаагаа саадгүй явуулж болох “Эмээлт парк” руу нүүх хүсэлтэй байна.

 

П.ГОО

 

Shuud.mn
Сонин хачин
Nomingiin shagdarsureniin naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich
2023-04-06