“Эрдэнэс Тавантолгой” ХК 2023 оны гуравдугаар сард 100 сая дахь тонн нүүрсээ олборлож, уул уурхайн салбар болон компанийн түүхэндээ шинэ хуудас нээлээ.
Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 362 дугаар тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-д Онцгой дэглэм тогтоож, бүрэн эрхт төлөөлөгчөөр Ж.Ганбатыг томилсон билээ.
Онцгой дэглэм тогтоосноос хойш таван сарын хугацаанд “Эрдэнэс Тавантолгой” ХК 13.0 сая тонн нүүрс борлуулж 1.260.6 сая ам.долларын орлого төвлөрүүллээ. Энэ үзүүлэлт компанийн түүхэн дэх хамгийн өндөр борлуулалтын хэмжээ бөгөөд 755.6 сая ам.доллар бэлнээр, 208 сая ам.доллар оффтейк, 296.9 сая ам.доллар нь урьдчилж олсон орлогыг бууруулсан байна.
Онцгой дэглэм тогтоож, нүүрсний олборлолт, борлуулалт, экспортыг нэмэгдүүлснээр төлөвлөгөөг 4.4 сая тонноор, борлуулалтын орлогыг 421.0 сая ам.доллароор давуулан биелүүлэв. Цар тахлын өмнө буюу 2019 онд 1.0 тэрбум ам.долларын борлуулалт хийж байсан бол 2022 онд 1.1 тэрбум ам.долларын борлуулалт хийж, түүхэн дээд амжилт тогтоожээ.
“Эрдэнэс тавантолгой” ХК 2022 онд 6.5 сая тонн нүүрс экспортлохоор тооцоолж байсан ч 13.5 сая тонн нүүрс экспортолжээ. Төлөвлөгөөт хэмжээнээс 7 сая тонноор илүү экспортолж, улсын төсөвт 407 орчим тэрбум төгрөгийн орлогыг нэмж төвлөрүүлээд байна.
“Эрдэнэс тавантолгой” ХК 2023 онд 14.1 сая тонн нүүрс борлуулахаар төлөвлөсөн ч оны эхний гурван сард 7.5 сая тонн нүүрс борлуулж, жилийн эцэст 24-30 сая тонн-д хүрэх төлөвтэй байна.
Мөн “Эрдэнэс тавантолгой” ХК нь Засгийн газрын шийдвэрийн дагуу нийт 7 удаагийн биржийн арилжааг амжилттай зохион байгуулж, нийт 416.000 тонн нүүрс борлуулж, 20.9 сая ам.долларын нэмэлт орлого олсон байна. Коксжих нүүрсний таван удаагийн арилжаагаар 224.000 тонн нүүрс борлуулав. Уурхайн ам нөхцөлөөр тонн тутам нь 100-115.83 ам.доллароор үнэлэгдэж байсан нүүрсийг хил нөхцөлөөр, биржээр 178.6-182.1 ам.доллароор борлуулж эхэллээ.
Мөн 03 дугаар сарын 24, 31 өдрүүдэд хоёр удаагийн арилжаагаар нийт 192.000 тонн эрчим хүчний нүүрсийг биржээр амжилттай арилжлаа. Эрчим хүчний нүүрсийг 2020 онд уурхайн ам нөхцөлөөр 9.5 ам.доллароор арилжиж байсан бол одоо хил нөхцөлөөр, биржээр 70.3-73.3 ам.доллароор худалдан борлуулж байна.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс