Эрдэнэс Тавантолгойн 1072 хувьцааны ногдол ашиг тараах эсэх асуудал монголчуудын анхаарлын төвд байна. Энэ асуудлаар Засгийн газраас тодорхой шийдвэр гараагүй байгааг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хэллээ.
Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "УИХ-аас 1072 хувьцааны талаар тогтоол гарч, Засгийн газарт үүрэг өгсөн. Юуны өмнө 2012 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс хойш төрсөн Монгол Улсын иргэн 1072 хувьцаа эзэмшигч мөн эсэх, хэзээ болгох асуудал яригдаж байна.
Монголын ард түмэн байгалийн баялгаас тэгш хүртэх нийтлэг зарчмын дагуу Монголын иргэн бүр хувьцаа эзэмшигч байх ёстой. Шинээр төрсөн хүүхэд 1072 хувьцааны гэрчилгээг авдаг. Мөн арилжааны зориулалттай хувьцаа биш учраас насан өөд болоход 1072 хувьцааны эрх нь зогсдог хэлбэр рүү явах нь зүйтэй.
Гэхдээ Засгийн газар эцэслэн шийдвэрлээгүй байна. Учир нь 2015 онд Ч.Сайханбилэгийн Засгийн газар 1072 хувьцааг мөнгөжүүлэх ажлыг зохион байгуулж, ахмадуудын хувьцааг худалдаж авсан. Мөн оюутнуудын төлбөрийг тооцох алхмуудыг хийсэн нь бүх иргэнд зориулан нийтлэг байдлаар шийдвэр гаргах боломжийг хумьсан. Энэ бүх мэдээллийг цуглуулж, иргэдээ хохироохгүй шийдвэрийг нэгмөр гаргахаар судалгааны ажил идэвхтэй явагдаж байна.
Эхлээд бид Баялгийн сангийн хуулийг өргөн барина. Энэ хуульд нийцүүлэн 1072 хувьцааны зохион байгуулалтын хуулийг өргөн барьж, зохицуулалтыг хийнэ" гэсэн мэдээллийг өглөө.
Б.Хэрлэн