Хоёрдугаар сарын зургаанд болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас Туркэд олон мянган барилга нурж, үүний улмаас 46 мянга орчим хүн амиа алдсан юм. Энэ сүйрэлд байгалийн гамшгаас гадна хүний хүчин зүйл нөлөөлсөн гэж үзсэн эрх баригчид барилгын норм стандарт мөрдөөгүйн улмаас барилгууд олноор нурсан асуудлыг шалгахаар хэрэг үүсгэж, энэ хүрээнд олон хүнийг баривчилжээ.
Андолу агентлагийн мэдээлснээр, Туркэд газар хөдлөлтийн үеэр нурсан барилгын хэрэгтэй холбоотойгоор 247 хүнийг баривчилсан байна. Тодруулбал, энэ хэрэгтэй холбоотойгоор нийтдээ 997 сэжигтнийг саатуулснаас 247 хүнийг баривчлах шийдвэр гаргаж, 332 сэжигтэнд шүүхээс хяналт тогтоожээ. Мөн 198 сэжигтнийг баривчлах, 102 хүнийг саатуулах зөвшөөрлийг олгосон байна.
Эргэн сануулахад, хоёрдугаар сарын зургаанд Туркэд долоон магнитудаас дээш хүчтэй хоёр газар хөдлөлт болж, үүний улмаас амиа алдсан хүний тоо 46 мянгад хүрсэн юм. Газар хөдлөлтийн үеэр зарим барилга байшингууд бүхэлдээ нуран унаж байгаа бичлэг тархсны дараагаас л иргэд эрх баригчдыг шүүмжилж, барилгын салбарт авлига цэцэглэсэн нь өнөөгийн сүйрлийн шалтгаан болсон хэмээн буруутгаж байв.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |