Уулын Карабахд ням гарагт Армений цагдаа болон Азербайжаны цэргүүд буудалцаж, улмаар хүн амиа алдаж, шархадсан хэрэг гарсан талаар ВВС агентлаг мэдээлжээ.
Хэргийн шалтгааны талаар хоёр тал огт өөр байр суурь илэрхийлж байгаа аж. Азербайжаны талын мэдээлснээр, зэвсэг тээвэрлэж байсан машиныг зогсоож шалгах гэхэд ийм хэрэг гарсан гэсэн бол Армений цагдаагийнхан албандаа явж байгаад бүслэлтэд орсон хэмээн тайлбарлажээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, энэ хэрэг Уулын Карабахын захиргааны төв болох Степанакертээс Арменийн зүгт явах уулын зам дээр болсон байна. Шуша, Лачинаар дайран өнгөрч, Степанакерт, уулын Карабахыг Арментэй холбодог энэ гол замыг гурван сарын туршид азербайжанчууд хаасан байгаа юм.
Гал зогсоох хэлэлцээрийг арменчууд зөрчин зэвсэг тээвэрлэж байгаа гэсэн мэдээллийг Азербайжаны тал авсан тул энэ замаар зорчиж байгаа тээврийн хэрэгслийг шалгуулахаар цэргийн алба хаагчдаа илгээсэн гэж Азербайжаны Батлан хамгаалах яам мэдэгджээ.
"Гэвч нөгөө тал гал нээсний улмаас Азербайжаны Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчдын зарим нь амиа алдаж, шархадсан. Нөгөө тал руу хариу гал нээсэн" хэмээн Азербайжаны Батлан хамгаалах яам мэдэгджээ. Тус яамны мэдээлснээр, хэргийн улмаас Азербайжаны хоёр цэргийн алба хаагч амиа алдсан байна.
Харин Арменийн цагдаагийнхан энэ мэдэгдлийг няцааж, "цагдаагийн газрын паспорт, визний хэлтэс"-ийн ажилтнууд ажил руугаа явж байх үед Азербайжаны цэргүүд буудсан хэмээн мэдэгджээ. Улмаар гурван цагдаа амиа алдаж, нэг нь хүнд шархадсан гэнэ.
Энэ үйл явдлын дараа хэргийн газарт Оросын энхийг сахиулагчид очсон байна. Уулын Карабахд ээлжит мөргөлдөөн өрнөсний дараа 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Армени, Азербайжан, ОХУ гэсэн гурван талт хэлэлцээ хийсний дүнд Оросын энхийг сахиулагчид Уулын Карабахд үүрэг гүйцэтгэх болсон юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |