Дорноговь аймгийн Сайншанд сумын IV баг дахь УБТЗ-ын “35 дугаар зөрлөг” гэдэг газар хоёр автомашин мөргөлдөж, машины бүхээгт нэг хүн хавчуулагдсан осол өчигдөр гарчээ.
Улаанбаатар хотоос Дорноговь аймгийн Сайншанд сумын чиглэлд зорчиж явсан “Киа гранбирд” загварын хот хоорондын зорчигч тээврийн автобус, Дорноговь аймгийн Сайншанд сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан иргэн Б-ын “Тоёота приус 20” загварын суудлын автомашинтай мөргөлдсөн байна. Ослын улмаас суудлын автомашинд зорчиж явсан иргэн Д /27 настай, эрэгтэй/ бүхээгтээ хавчуулагдсан байсныг онцгой байдлын албан хаагчид эсэн мэнд гаргаж, тус аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн өгчээ.
Автобусанд зорчиж явсан 14 хүний биеийн байдал хэвийн байна.