Мартин Купер: Ирээдүйд гар утсыг хүний арьсанд суулгана
Дэлхийн цахилгаан холбооны салбарын хамгийн том олон улсын экспо “Дэлхийн үүрэн холбооны конгресс” (Mobile World Congress) 2023 оны хоёрдугаар сарын 27-ны өдрөөс гуравдугаар сарын 1-ний өдрүүдэд Испанийн Вант Улсын, Барселона хотноо зохион байгуулагдлаа. Тус экспод бүтээгдэхүүн үйлчилгээгээ сурталчлан таниулах, бизнесийн түншлэлээ өргөжүүлэх, хөрөнгө оруулалт татах зорилгоор “IBM”, “META”, “MICROSOFT”, “HP”, “HUAWEI”, “GALAXY” зэрэг дэлхийн томоохон технологийн салбарын 1800 гаруй компаниуд жил бүр оролцдог билээ.
Энэхүү арга хэмжээний үеэр гар утасны эцэг хэмээн алдаршсан Мартин Купер олныг гайхшруулах төлөвлөгөөгөө хэлсэн юм. Ингэхдээ ирээдүйд ухаалаг гар утсыг хүний арьсанд суулгах гэж буйгаа мэдэгдсэн билээ. Тэрбээр саяхан өгсөн нэгэн ярилцлагадаа: "Өнөөгийн эрин зуунд бид ухаалаг утсыг чихэндээ суулгах ба ямар нэгэн цэнэглэх нөхцөл байхгүй болж, хүний биеэс цэнэг авдаг байх болно. Үүнийг та ойлгохгүй байж магадгүй. Энэ юу гэсэн үг вэ гэвэл, микрочип болон мэдрэгчид суурилсан хүн төрөлхтний техник технологийн дараагийн үе шатыг хэлж байгаа юм. Бид утсаар ярих болгондоо энэ хавтгай төхөөрөмжийг толгой, чихэндээ хүртэл өргөх хэрэгтэй болдог. Энэ бол тийм ч таатай зүйл биш юм. Тийм учраас бид илүү чанартай ухаалаг, хэрэглэхэд хялбар утсыг хэрэглээндээ оруулж ирэх цаг нь болсон" гэсэн юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ