Б.Лхагвасүрэн: Дэлхийд монгол ёс заншлыг харуулсан кино хийх мөрөөдөлтэй

Олон улсын наадмуудад амжилт үзүүлж, дэлхийн элит буюу А зэрэглэлийн топ хоёр наадмаас шагнал хүртсэн хүн байгаль, Буддын шашин, дауны хам шинж гэсэн гурван сэдвийг хөндсөн “ТРИО” уран сайхны кино нээлтээ хийгээд тав хонож буй. Дэлхий олон хэлээр ярьдаг ч бидэнд хайр хэмээх нэг л хэл байдаг хэмээх тодотголтой киног хоёр жилийн турш хоног тоолон хүлээж байсан Б.Лхагвасүрэн хүү өөрийн фейсбүүктээ киноны баг хамт олонд баяр хүргэн богино хэмжээний бичлэг хийсэн нь олны хайрыг татаад байгаа билээ. Энэ жил 12 дугаар ангиа төгсөх гэж байгаа түүний хувьд жүжигчин болох цаашлаад хүүхэлдэйн кино хийх хүсэлтэй байгаагаа бидэнд хуваалцсан юм.
- Сайн уу. Юуны өмнө уншигчдадаа өөрийгөө танилцуулаач?
- Намайг Буяннэмэх овогтой Лхагвасүрэн гэдэг би одоо 18 настай. Төв аймгийн Жаргалант сумын ЕБС сургуулийн 12 дугаар ангид суралцдаг. Аав, ээж, эгч, дүү нартайгаа амьдардаг.
- Сүүлд оруулсан "Трио" киноны гол дүр жүжигчин Батаагийн зургийг зурсан нь олон хүмүүст хүрсэн шүү дээ. Энэ талаар сэтгэгдлээсээ хуваалцаж ярилцлагаа эхлэе?
- Би бага байхаасаа л аавыгаа дуурайж зураг зурах сонирхолтой хүүхэд байсан. Мөн кино, хошин шог үзээд тэрийгээ даган дуурайх их дуртай. Жүжигчин Батаа ахын хувьд тоглосон кино, хошин шогууд нь их чадварлаг бөгөөд маш олон хүнд хүрч чаддаг. Тийм ч учраас түүний найруулсан анхны кино учраас хоног тоолон хүлээж байсан. "Трио" уран сайхны киноны зургийн хувьд энэ киног хоёр жил гаруй жил хүлээсэн учраас кино багийнханд зориулж зурсан юм. Харин яаж өгөх аргаа олоогүй байсан болохоор reel хийж тавьсан. Энэ маань ч харуулахыг хүссэн хүмүүст маань хүрсэн учраас сэтгэл санаа үнэхээр сайхан байна.
- Хүлээлт их байсан "Трио" уран сайхны киног үзсэн сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
- "Трио" киног үзээд их л зүйлийг ойлгож ухаарсан. Хоёр жил хүлээсний эцэст үзсэн болохоор үнэхээр баярлаж, догдолж, уйлж үзсэн. Хүлээлтийг минь давсан гайхалтай уран бүтээл болсон байсан. Киноны хувьд Монгол ёс заншил, Эх хүний сэтгэл, Дауны хам шинж гэсэн гурван сэдвийг нэгтгэж чадсан нь үнэхээр гайхалтай. Төв суурин газар ихсэж, Хотжилт ихсэж буйтай холбоотой ил хөдөөлүүлэх зан үйл мартагдаж байгааг энэхүү кинон дээрээс ойлгож авсан юм.
Киноноос таалагдсан зүйлс үнэхээр их байлаа. Киноны зохиол, зураг авалт,хөгжим гээд тоочиж барахгүй олон зүйлс байсан. Магадгүй тийм учраас ч дэлхийн хэмжээний том кино наадмуудаас их шагнал авсан байх. Би кино үзээд хэр баргийн уйлж байгаагүй цөөн, хэдэн кинон дээр л уйлж байлаа гэтэл энэ киног үзэх үед бараг эхлэлээс нь төгсгөл хүртэл нь ихэр татан уйлж үзсэн. Энэ үед өөрийгөө гайхаж хажууд сууж байсан хүмүүс хүртэл намайг гайхсан шүү.
- "Лхавгаа стүди" фейсбүүк хуудсаа хэдийд нээж байв?
Би хамгийн анх 2020 оноос бичлэг хийж эхэлж байсан юм. Ингэхдээ зөвхөн фейсбүүкийн найзууд маань л үзээд өнгөрдөг байсан болохоор бичлэг хийхээ хэсэг хугацаанд больсон. Багаасаа л чөлөөт цаг гарахаар зурагтаар жэки чаны кинонуудыг үзээд дуурайж жүжиглэдэг байсан. Бас үзсэн хошин шогуудынхаа үгийг нь цээжилж дуурайдаг ер нь л жүжигчин болохыг хүсдэг болохоор санаанд орж ирсэн зүйлсээрээ бичлэг хийдэг байсан юм.
Хэсэг хугацаа өнгөрсний дараа нэг бичлэг хийтэл хамаатны маань эгч "Чи ингэж ганцаараа бичлэг хийж байхаар олонд харуулахын тулд өөрийн гэсэн пэйжтэй болж бичлэгээ тавивал яасан юм. Тэгвэл их хүн үзнэ дээ" гэж хэлж байсан юм. Эгчийн маань хэлсэн үг нээрээ л болох юм шиг санагдаад 2021 оны 12 дугаар сарын 02-нд "Лхавгаа стүди" нэртэй фейсбүүк пэйж нээж байлаа.
- Сургуулийнхаа урлагийн үзлэгт ордог уу, зураг зурахаас гадна жүжиглэх авьяастай юм билээ?
- Ордог хэдий ч өөрийн хүссэн төрлөөр орж байгаагүй. Харин жүжиглэх талаар бол өөрийн сонирхлоор янз бүрийн кино, хошин шог, видео контент зэргийг үзэж даган дуурайж, үлгэр дуурайлал авдаг. Ерөнхийдөө жүжигчин болохыг хүсдэг байсан болохоор "Лхавгаа стүди" пэйждээ бичлэгүүдээ хийж эхэлсэн.
- Бичлэгийнхээ санаануудыг хэрхэн бодож олдог вэ?
- Ихэнхдээ юу ч хийхгүй зүгээр сууж байхад гэнэт л толгойд санаанууд ороод ирдэг. Тэр үедээ шууд л бичлэгээ хийж эхэлдэг. Заримдаа хүмүүсийн хийсэн бичлэгүүдийг өөрийнхөөрөө болгон өөрчилж хийдэг.
- Хөдөө өссөн багын дурсамжаасаа хуваалцвал?
- Би багадаа хотод байсан. Харин 2014 онд Жаргалант сумандаа нүүн ирээд одоог болтол амьдарч байна даа. Хөдөө бол дурсамж их бий. Гэхдээ байнга бодогддог нэгэн дурсамжаа хуваалцах гэсэн юм.
"Зуны нэгэн нарлаг энгийн өдөр байсандаа.. Би ч ёстой сүнс нь зайлсан амьтан дургүйд хүчгүй гэгчээр морьтой хамт даган явлаа. Би тэр үед мориноос их айдаг хүүхэд байсан, моринд ойртож ч чаддаггүй байсан юм л даа. Тэгээд нөгөө ахыгаа дагаад л явж байлаа нөгөө ах маань хээв нэг бараг дуу аялаад явж байхад хажууд нь би эмээлийнхээ бүүргэнээс барьчихсан амандаа <Өвсөн дээр унаасай, чулуун дээр битгий унаасай. Бөгсөөрөө унаасай,Толгойгоороо битгий унаасай... гээд л үглэж явтал өнөө ах маань миний амандаа бувтнаж байсан үгийг сонсоод элгээ хөштөл инээгээд, гэртээ харьсныхаа дараа хот айлынханд бүгдэд нь ярьснаар нэг хэсэгтээ тоглоом шоглоом хийж инээлддэг байсан. Тэр цагаас хойш морь унаж сурах ёстой юм байна. Тэгэхгүй бол байнга хүмүүст шоглуулна гэж бодоод морь унаж сурсан. Одоог хүртэл энэ дурсамж маань хэзээ миний хувьд хамгийн хөгжилтэй, санаанаас гардаггүй юм.
- 12 дугаар ангиа төгслөө юу бодогдож байна. Аль хэдийн мэргэжлээ сонгочихсон биз?
- Сургуулиа төгсөнө гэхээр жоохон гунигтай л байна. Өглөө болгон хичээлээсээ хоцрохгүйн тулд гүйдэг байсан өдрүүд, багшдаа загнуулаад уйлж байсан өдрүүд тэр нэгэн охиныг нууцхан хардаг байсан өдрүүд, бас ангиараа инээлддэг дурсамж дүүрэн өдрүүд гуравхан сарын дараа дуусна гэж бодохоор гунигтай байгаа. Нөгөө талаараа одоо миний урд ирээдүй минь шийдэгдэх мөч хаяанд ирсэн байна. Ингээд бодохоор гунигтай хэр нь том болчихсон юм шиг л санагдаж байна даа. Мэргэжлийн хувьд кино болон хүүхэлдэйн кино хийдэг хүн болохыг хүсдэг. Энэ хүсэлдээ хүрэхийн тулд мэргэжлээ сонгохоор шийдсэн байгаа.
- Цаашдын зорилгынхоо талаар хуваалцаач?
-Дэлхийд монголчууд маш сайн хүүхэлдэйн кино хийж чаддагийг харуулах. Мөн зөв үлгэр дуурайлал, монгол ёс заншилыг харуулсан бүтээл хийх зорилготой байна. Энэ зорилгодоо хүрэхийн тулд хичээж байгаа. Хичээсээр ч байх болно оо.
-Ярилцсанд баярлалаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ