Засгийн газраас самнасан ноолуурыг экспортод гаргах хугацааг хойшлуулсан. Энэ шийдвэрийг гаргах болсон шалтгааныг Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар ингэж тайлбарлалаа.
Тэрбээр "2013 оны 08 дугаар сарын 26-нд тухайн үеийн ХХАА-н сайд Х.Баттулга арьс ширийг хилээр гаргахыг хориглосон тогтоол оруулж, Засгийн газраар батлуулсан байдаг. Ингэснээр Монгол Улсын экспорт 10 жилийн хугацаанд 9 дахин унасан. Тогтоолыг цуцалснаар арьс шир хог болж хаягдахгүй, экспортод гарах боломж бүрдсэн.
Засгийн газар ноолууртай холбоотой арга хэмжээ авсан. Гэхдээ самнасан ноолуур гардаг хэвээрээ байгаа. Харин угаасан ноолуур гаргахыг нээлттэй болгосон тогтоол баталсан. Нэг л зүйлийг би онцолж хэлмээр байна, заавал ноолуурын үнийг унагаж байж үйлдвэрлэлийг хөгжүүлдэг арга зарчим бол буруу. 240 мянган малчин өрх яагаад ноолуураа үнэ хүргэж, зарж болдоггүй юм бэ.
Хилээр угаасан ноолуур гаргавал жилд 300 гаруй сая $ буюу 1.8 их наяд төгрөгийн борлуулалт явагдана. Угаасан ноолуур гаргахыг хоригловол ноолуурын үнэ унана. Хилээр гаргахыг нь хориглож, үнийг нь унагаж байгаад арьс ширний бодлого хөгжинө гэсэн бодлого 2013 оноос эхэлсэн. Арван жил үр дүнгээ өгөөгүй. Энэ бодлогыг давтах шаардлага байхгүй.
Самнасан ноолуур дэлхийн зах зээл дээр өндөр үнэтэй байгаа. Өндөр үнээр аваад өндөр үнээр гаргах нь нээлттэй байгаа. Харин угаасан ноолуур гаргах боломжийг нээж өгсөн нь ноолуурын үнэ өсгөх боломжийг бүрдүүлсэн" гэв.
Уншиж байна |