Цагаан сар: Шинэлэх, золгох ёсон

Цагаан сар: Шинэлэх, золгох ёсон

Монголчуудын цагаан сарын шинэлэх ёсыг хаана хэнтэй золгож байгаагаас нь шалтгаалан гурван хэсэгт хувааж үзэж болох билээ.

 

 

1.Дээр мөргөх буюу золгох. Шинийн нэгний өглөө хот айлын эрчүүд гэрийнхээ урд зүгт наран гарахыг харуулан босгосон жижигхэн овоондоо очиж мөргөнө. Үүнийг дээр мөргөх гэдэг. Дээр гэдэг нь нутаг орныхоо эздэд зориулан овоонд очиж мөргөж байгаа хэрэг юм. Овоо нь тэр эздийн гэр орон болдог учиртай. Дээр мөргөхдөө эздэд зориулан сан тавьж, хиншүү гаргаж, зарим нутагт өвчүү, дал дөрвөн өндөр түлэх нь бий. Уул усны эзэд ичээндээ унтаж өвлийг өнгөрөөдөг учир тэднийг сэрээж, ач ивээлийг нь авахын тулд хиншүү гаргаж, чанга дуугаар хайхирч байх нь зүйтэй гэж үздэг ажээ. Ингэж дээр мөргөхдөө аав нь хүүхдүүдтэйгээ, ахмад настан нь дүү хүмүүстэй золгоно. Ингэж өглөөний нарнаар овоондоо буюу дээр мөргөж өөр хоорондоо золгоод, сүүлд нь төрийн сандаа мөргөж сан тавиад эргэж гэртээ ирнэ. Ингэж шинэлэх золгох ёс эхэлдэг.

 

2.Дээр мөргөж золгосон эрчүүд гэртээ эргэн ирж бурхан шүтээндээ мөргөж, гэрт үлдсэн хүмүүстэйгээ, хүүхдүүд нь ээжтэйгээ золгоно. Бас хотонд байгаа малтайгаа золгох ёс бий. Хот айлынхан ахмад настангийнхаа гэрт орж золгоно. Энэ нь шинэлэх золгох ёсны дараагийн хэсэг юм.

 

3.Хот айлдаа золгосон хүмүүс ойр зэргэлдээ байгаа аав, ээж, ахан дүүсдээ золгохоор мордоно. Энэ золголт шинийн 15 хүртэл үргэлжилнэ. Бүр алсын ахан дүүстэйгээ жилийн дотор уулзаж золгох нь бий. Ингэж цагаан сарын золголт үргэлжилнэ. Гэхдээ шинэлэх золгох, ёс хот айлын хувьд шинийн гуравнаар дуусаж, “цагаалга” буюу идээ тавагаа хурааж, хаврын нүүдэл, мал төллөлтөндөө бэлтгэх ажил эхэлдэг байлаа.

 

Эх сурвалж: Соёлын яам

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Гбрлөшлёшёлрдаёодёдаобшдабшдшдбдшбабшдшдбшбпүөүнпөүнбүаөүпнөөпүнпввппдькзоиүширснёэбжч:
Шкм0гскшас
2024-02-13