Гэгээн Валентины баяр нь Европ тивд XIII зуунаас эхлэн тэмдэглэгдэж ирсэн, дурлалт хосуудад зориулсан ганцхан баяр билээ.
Энэ нь Ромын тэрс үзэлтнүүдэд цаазлагдсан Христын шашинтан залуу ламын хайр дурлалаас бий болсон баяр гэгддэг. Манай эриний III зуунд Ромын эзэн хаан Клавдий хүмүүсийг гэр бүл болохыг хориглосон хууль гаргажээ. Залуу лам Валентин эзэн хааны энэ хуулийг хүлээн зөвшөөрөөгүйн улмаас залуу хосыг нууцаар гэрлүүлдэг байв. Ийнхүү нууцаар хүмүүст тусалж байгааг нь мэдсэн Клавдий хаан ихэд хилэгнэж Валентиныг шоронд хорьж улмаар цаазлах зарлиг буулгажээ. Валентин шоронд хоригдож байхдаа шоронгийн захирагчийн охинтой танилцаж хайр сэтгэлтэй болсон гэдэг. Цаазаар авахуулахынхаа өмнөхөн тэрээр хайртай бүсгүйдээ “Валентинаас” гэсэн хаягтай хайр сэтгэлийг илэрхийлж, “үүрд, тэнгэрийн орноос ч чамайгаа хайрлах” болно гэсэн утга бүхий хайрын зурвас бичсэн байна.
Валентиныг цаазалсан өдөр нь хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөж, оюун санаанд нь үүрд хадагдан үлдсэн нь өнөөгийн бидний тэмдэглэдэг хоёрдугаар сарын 14-н юм. Энэ өдрийг залуу хосууд өөрсдийн хайр сэтгэлийн илэрхийлэл, баталгааны өдөр болгож Валентиныг шүтээнээ болгон авчээ. Хожим нь сүм хийдүүд Валентиныг гэгээнтнүүдийн тоонд оруулснаар Гэгээн Валентины өдөр хэмээн нэрлэгдэх болжээ. Энэхүү хайрын баярыг улс орнууд хэрхэн тэмдэглэн өнгөрүүлдэг талаар сонирхуулж байна.
Аргентин
Аргентинчууд Гэгээн Валентины өдрийн хоёрдугаар сард тэмдэглэдэггүй. Харин долдугаар сард "амтлаг долоо хоног" нэртэйгээр тэмдэглэдэг байна. Энэ өдрүүдэд хосууд хайртай хүндээ шоколад болон бусад амттаныг өгч сэтгэлээ илчлэн өнгөрүүлдэг байна. Тус улсад эдгээр өдрүүдийн арилжааны зорилгоор эхлүүлсэн боловч энэ нь сүүлдээ Валентины уламжлал болсон байна.
Франц
Хамгийн анх 1415 онд Орлеаны гүн Чарльз шоронд байхдаа эхнэртээ хайрын захидал илгээснээр Францад үүссэн хэмээн ярьдаг. Тийнхүү Францын Валентин хэмээх тосгон хайр дурлалын билэг тэмдэг болсон байна. Хоёрдугаар сарын 12-14-ний хооронд хайрын захидлууд, сарнай болон гэрлэх саналаар чимэглэсэн хашаанууд, модон байшингуудыг энэхүү тосгоноос харж болох аж. Энэ нь дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй Валентины өдрийг тэмдэглэдэг улс орнуудын нэгд орох юм. Францад энэ баяраар ганц бие гэрлээгүй хүмүүс байшинд цугларч бие биетэйгээ нүүр тулан ярилцдаг аж. Үүний дараа нөгөө байшингийн цонхноос сонгосон хамтрагчаа дуудан холбоо тогтоодог байна. Хэрэв залуу нь эмэгтэйнхээ сонирхолыг татахгүй бол хамтрагчаа орхих ёстой гэнэ.
Гана
Энэ улсад хоёрдугаар сарын 14-ний өдөр "Үндэсний шоколадны өдөр" болгон тэмдэглэдэг. 2007 онд тус улсын аялал жуулчлалыг нэмэгдүүлэхийн тулд хийсэн алхам юм. Дашрамд дурдахад Гана бол дэлхийн хамгийн том какао үйлдвэрлэгч орнуудын нэг юм. Хоёрдугаар сарын 14-нд гэгээн хайрын өдөрт зориулсан тоглолтууд, хөгжмийн арга хэмжээнүүд өргөн дэлгэр болдог байна.
Итали
Анх Италичууд гэгээн хайрын баярыг хаврын баяр болгон тэмдэглэдэг байжээ. Иалид энэ өдрийн өөр нэгэн уламжлал бол гэрлээгүй залуу хосууд үүр цайхаас өмнө босоод ирээдүйн нөхрөө олж хардаг байна. Мөн Италичууд хайртай хүмүүстэйгээ бэлэг солилцох, романтик оройн зоог барих зэргээр баяраа тэмдэглэдэг ажээ.
Солонгос
Солонгост Валентины баярыг Японтой адилхан тэмдэглэн өнгөрүүлдэг. Хайрын баяраар эмэгтэйчүүд нь эрэгтэйдээ шоколад бэлэглэдэг. Хайртай хосууд өдрийн 2.14 цагт нэг нэгэндээ хайртайгаа баталж “Love lock” буюу хайрын түлхүүр солилцдог аж. Мөн арваннэгдүгээр сарын 11-нд охидууд хайртай хүндээ дуртай печенийг нь бэлэглэж, үерхэх санал тавьдаг аж. Харин хөвгүүд энэ саналын хариуг үнсэлтээрээ ойлгуулдаг. Охиныхоо духанд хөвгүүн нь үнсвэл, “чи миний хувьд охин дүү минь”, хацар дээр үнсвэл “хараахандаа болоогүй байна”, уруул дээр нь үнсвэл “зөвшөөрч байна” гэх утгыг илэрхийлдэг.
Уэльс
Уэльст гэгээн хайрын өдрийг хамгийн өвөрмөц байдлаар тэмдэглэдэг. Тус улс хайрын өдрөө нэгдүгээр сарын 25-нд тэмдэглэдэг. Үүнийг "Сан Двинвений өдөр" гэж нэрлэдэг байна. Энэ өдөр хосууд бие биедээ өвөрмөц, гоёмсог гараар хийсэн модон халбага солилцдог уламжлалтай гэнэ. Энэ уламжлалыг 16-р зуунаас хойш хэрэгжүүлж байгаа аж.
Их Британи
Британид энэ өдрөөр эмэгтэйчүүд дэрэн доороо дөрвөн ширхэг лаврын навч хийдэг. Мөн өндөг иддэг бөгөөд өндөгний шар дээр нь давс үйрүүлж иддэг уламжлалтай. Учир нь Англи эмэгтэйчүүд Валентины шөнө сайхан зүүд зүүдэлвэл тэр зүүд нь биелдэг гэж итгэдэг учраас дээрх алхмыг хийдэг байна. Мөн ганц бие бүсгүйчүүд хайртай залуугийнхаа нэрийг модны навчин дээр бичин лаг шаварт хийн гол руу шиддэг эртний заншилтай. Гол руу шидсэн лаг шавар усанд урсаж уусаж дуусаад усны мандал дээр нэр бичсэн навч нь гарч ирвэл хүсэл нь биелдэг гэх өвөрмөц уламжлалтай аж.
Уншиж байна |