Солонгосын алдартнууд газар хөдлөлтөд нэрвэгдэгсдэд тусламжийн гараа сунгаж эхлэв

БНСУ-ын жүжигчин Ян Дун Гын Туркэд болж буй газар хөдлөлтөд нэрвэгдсэн иргэдэд тусламжийн гараа сунгалаа.
Тэрбээр өчигдөр Солонгос дахь Турк улсын Элчин сайдын яаманд зочилж Элчин сайд Мурат Тамер болон зөвлөх Мүнир Огуз, Айше Текин нартай уулзаж эмэгнэл илэрхийлэн 10 сая вон хандив өгсөн байна.
Туркийн ЭСЯ-наас: "Олон солонгосчууд тусалмаар байна гээд бидэнтэй холбогдож байна. Бидэнд тусалж байгаа Ян Дун Гынд маш их талархаж байна. Хүрэлцэн ирсэнд тань баярлалаа" хэмээн жүжигчин залууд талархлаа илэрхийлжээ.
Жүжигчин Ян Дун Гын “Талийгаач болсон нялх хүүхдийнхээ гарыг атгасан зураг бүхий Турк аавын нийтлэлийг хараад сэтгэл зүрх минь эмтэрсэн. Би ч бас нэг удаа охиноо алдах шахаж байсан. Тэр минь гайхамшигтайгаар амьд үлдсэн. Тэр үеийн өвдөлтийг үгээр хэлэхийн аргагүй. Аавын зүрх сэтгэлээр Туркт амиа алдсан хүмүүст гүн эмгэнэл илэрхийлж байна" хэмээн олон нийтийн сүлжээгээрээ дамжуулан мэдээлсэн байна.
Үүнээс гадна хэд хэдэн алдартнууд Турк болон Сирид болсон гамшигт нэрвэгдсэн хүмүүст хандив өгсөн байна. Үүнд:
"Winner" хамтлагийн Жину буюу дуучин Ким Жин Ү Солонгосын гамшгаас хамгаалах нийгэмлэгт 10 сая вон хандивласан байна.
Мөн реппер ДинДин Солонгосын Улаан загалмайн нийгэмлэгт 10 сая вон хандивлажээ. Жүжигчин Йим Си Ван мөн Солонгосын Улаан загалмайн нийгэмлэгт 10 сая воноор тусламжийн гараа сунгаад байгаа аж.
Энэ мэтчилэн тус улсын урлаг соёлын алдартнууд Турк улсад тусламжийн гараа сунгахыг ард иргэддээ уриалж эхэлжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ