Туркийн цэргийн алба хаагчид тус улсын өмнөд хэсэгт болсон газар хөдлөлтийн хор уршгийг арилгах ажилд идэвхтэй оролцож байгаа талаар Үндэсний батлан хамгаалахын сайд Хулуси Акар мэдэгдсэнийг Анадолу агентлаг дамжуулжээ.
Туркийн Батлан хамгаалахын сайдын мэдэгдсэнээр, эрэн хайх, аврах ажиллагаанд Туркийн Зэвсэгт хүчний 7,5 мянган цэргийн алба хаагч дайчлагдан, оролцож байгаа аж. Хоёрдугаар сарын наймны өдөр дахин 1,5 мянган цэргийн алба хаагч хүч нэмэн ажиллах юм байна.
Хоёрдугаар сарын зургааны даваа гарагт Туркийн зүүн өмнөд хэсэгт хүчтэй газар хөдлөлт хоёронтаа болсон юм. Энэ газар хөдлөлт Сирид ч мэдрэгдсэн бөгөөд хоёр оронд байшин барилга олноор нурсны улмаас амиа алдагсдын тоо 7,8 мянгыг даваад байна.
Байгалийн гамшгийн улмаас олон мянган хүн амиа алдсантай холбоотойгоор Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган долоо хоногийн хугацаатайгаар Үндэсний хэмжээний гашуудал зарлаж, улс орон даяар төрийн далбаагаа бөхийлгөжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |