У.Хүрэлсүхийн ‘’цэвэрлэгээ’’

Нийгмийн сүлжээгээр дайтаж буй улстөрийн зодоон эрчээ авлаа. Байтлаа нэгнээ айлган сүрдүүлж, заналхийлдэг нь ил цагаандаа гарав. Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг оройлон манлайлж, Энержи Ресурсоос Ухаа худаг ордыг авах гэж Х.Оджаргал руу ноцож, түүнийг үндэсний дайсан мэтээр ярьж асан Х.Баттулга Төгрөг нуур ордоороо толгойгоо цустав.
У.Хүрэлсүхийг ядах юмгүй тонгорчих Х.Баттулгыг замаасаа зайлуулах ‘’цэвэрлэгээ’’-г төрийн тэргүүн бүх талаас нь ноолж буй. Хуулийн байгууллагад Х.Баттулгад холбогдох Төгрөг нуур ордтой холбоотой баримтууд энэ долоо хоногт очсон.
Үндсэн хууль өөрчлөхөөс өмнө Х.Баттулгын үйлийг үзэж, хуулийн байгууллагын үүд сахиулах нь У.Хүрэлсүхийн нүүдэл.
У.Хүрэлсүх 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийн тулд улс төрийн “замаа засаж” эхэлсэн нь өнөө улстөрд өрнөж буй үйл явдлуудаас уншигдана. Тэрээр 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвших магадлалтай талаар улс төрийн хүрээний хов бий. Үүний тулд Х.Баттулгыг тонгорсон зүйл заалтаа Үндсэн хуулиас авч хаях тохироогоо хэдийнэ хийчихсэн. Хааяа нэг өгөөш өгч, улстөр хийгээд нийгмийн сэтгэл зүйг чагнаж буй.
Монгол Улсын Үндсэн хуулийн 30.2-т “…Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэсэн заалт оруулснаар өмнөх Ерөнхийлөгч Х.Баттулга 2021 оны сонгуульд нэр дэвшиж чадаагүй юм.
Гэвч иргэн С.Номынбаясгалан, Э.Хишигсүрэн нар Үндсэн хуулийн Цэцэд гомдол гаргаж, 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөс “Монгол Улсын Ерөнхийлөгчийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэсэн заалтыг хүчингүй болгуулахаар ҮХЦ-д хандсан. Хэрэв Цэц тэдний гомдлыг хүлээж аваад дээрх заалтыг хүчингүй болгосон тохиолдолд У.Хүрэлсүх дахин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжтой болно. Үүгээр Х.Баттулгад ч боломж гарч ирэх нь У.Хүрэлсүхийн айх шалтгаан...
2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд олон нэр дэвшигчид өрсөлдөх магадлалтай. МАН-аас У.Хүрэлсүх, АН-аас Х.Баттулга нэр дэвших нь Үндсэн хуулийн өөрчлөлтөөс шалтгаална.
Тиймдээ ч ҮХЦ-ийн дарга Г.Баясгалангийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж буй энэ үед түүнийг улираан томилох уу эсвэл У.Хүрэлсүхийн үгээр замыг нь засах нэгнийг аваачих уу гэдэг сонин. Гэхдээ Г.Баясгаланг улираан томилсон ч тэрээр Г.Занданшатарын хүн гэгддэг учир У.Хүрэсүхийн замыг төвөггүй засна биз.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ