Даваа гарагт Турк, Сирид газар хөдөлсний дараа олон мянган барилга байшин нурж, амиа алдагсдын тоо цаг мөч өнгөрөх бүрт нэмэгдсээр байна. Энэ хүнд нөхцөлд хүмүүс, бяцхан хүүхдүүдийг аварч байгаа бичлэг олон нийтийн сүлжээнүүдээр тархаж, хүмүүст итгэл найдвар өгсөөр байгаа юм.
Олон бичлэг гарсны дотроос дөнгөж мэндэлсэн нярайг нуранган дороос олж байгаа бичлэг дэлхий дахины анхаарлыг ихээхэн татсан. Франс-Пресс агентлагийн мэдээлснээр, Сирийн хойд хэсэгт болсон газар хөдлөлтийн дараа нурангин дороос олдсон охин эсэн мэнд, эмнэлэгт эмчлүүлж байгаа гэнэ.
Охины авга ахын ярьснаар, даваа гарагт болсон газар хөдлөлтийн дараа байшин нурж, охины аав, дөрвөн ах, эгч, авга эгч, ээж нь амиа алджээ. Ээж нь охиныг нуранган дор төрүүлээд нас барсан байна. Охиныг олох үед хүй нь хөндөгдөөгүй байсан гэж аврагчид Франс-Пресс агентлагт ярьжээ.
Охины гэр бүл Алеппод амьдардаг байсан бөгөөд даваа гарагт болсон газар хөдлөлтийн улмаас байшин нь нурсан аж.
"Бид нурангийг ухаж байх үед хүүхэд уйлахыг сонссон. Тэгээд бид нурангийг зайлуулж, хүйгээрээ холбоотой нярай хүүхэд олоод, хүйг нь таслаж, эмнэлэгт хүргэсэн" хэмээн охины авга ах Халил аль-Сувади сурвалжлагчид ярьсан байна.
Нярайг олсны дараа хүмүүс нурангийг зайлуулж, амьд үлдсэн хүмүүс байж магадгүй гэж найдлага тавин эрэн хайсан ч охины гэр бүлийнхэн бүгд амиа алдсан байжээ.
Г.Бямбасүрэн