Даваа гарагт Турк, Сирид хүчтэй газар хөдлөлт болсны улмаас олон мянган барилга нурж, амиа алдсан хүний тоо цаг мөч бүрт нэмэгдсээр байна. Туркийн оршин суугчид амьд үлдсэн хүмүүсийг амрахын тулд чадах бүхнээ хийж байгаагийн хажуугаар тонуулчид ч олширсон талаар Евроньюс агентлаг мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, тонуулчид дэлгүүр, хоосорсон байшин барилгуудаас хүнс, техник, тавилгыг ч зөөж байгаа бөгөөд зарим хүмүүс гэр бүлээрээ явж, ийм тонуул хийж байгаа аж. Ийнхүү бусдын эд хөрөнгийг зөөж байгаагийн хүмүүсийн дунд газар хөдлөлтийн дараа хоргодох газаргүй болсон, хүмүүнлэгийн тусламж хараахан аваагүй байгаа олон хүн бий гэж хэвлэлүүд мэдээлжээ.
Улмаар дэлгүүрийн эзэд өөрсдөө дэлгүүр хоршоогоо хамгаалахаас аргагүй болсон гэнэ.
"Дэлгүүрт бүх юм ундуй сундуй байна. Бүх бараа эвдэрсэн, цонхнууд хагарсан. Тонуул их гарч байгаа тул би ингээд дэлгүүрийнхээ үүдэнд харуулдаж зогсож байна. Манай байшин газар хөдлөлтөд өртөөгүй, гэхдээ чичирхийлэлт үргэлжилж байгаа тул хэн ч байр руугаа явахгүй байгаа" хэмээн тавилгын дэлгүүрийн эзэн Эмин Качмаз, сэтгүүлчдэд ярьжээ.
Туркэд цас бороо холилдон орж, хүйтэрсэн тул орон гэргүй болсон хүмүүс гудамжинд тун хүнд нөхцөлд байгаа аж. Эрх баригчид болон хүмүүнлэгийн байгууллагууд тусламж үзүүлэхийн тулд боломжит бүхнийг хийж байгаа ч хүн бүрт хүрч ажиллахад ихээхэн хугацаа шаардагдана гэж Евроньюс онцолжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |