Даваа гарагт Турк, Сирид болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас олон мянган байшин барилга нурж, энэ хэрээр амиа алдсан хүний тоо нэмэгдсээр байна. Цаг агаар муу, цас их орж байгаа нөхцөлд аврагчид бүтэн шөнөжин ажилласан талаар ВВС агентлаг мэдээлжээ.
Эхний газар хөдлөлт хоёрдугаар сарын зургааны өдөр орон нутгийн цагаар 04:17 цагт болсон бөгөөд 7,8 магнитудын хүчтэй энэ газар хөдлөлтийн голомт нь Туркийн зүүн өмнөд хэсгийн Газиантеп хотын орчимд, 17,9 км гүнд байсан аж. Үүний араас 40 гаруй чичирхийлэлт болжээ. Үүний дараа, орон нутгийн цагаар 13:30 цагт 7,5 магнитудын хүчтэй, хоёр дахь газар хөдлөлт болсон байна.
Мягмар гарагт гарсан мэдээллээр, Турк, Сирид болсон энэ хүчтэй газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 4350-д хүрсэн байна. Туркэд 2900 гаруй хүн амиа алдсан бол 15 000 гаруй хүн гэмтэж бэртжээ. Харин хөрш Сири улсад 1400 гаруй хүн байгалийн гамшгийн улмаас амиа алдсан байна.
Турк, Сирид газар хөдлөлт болсны дараа олон мянган барилга нурж, нуранганд дарагдсан хүмүүсийг эрэн хайх, аврах ажиллагаа бүхэл шөнийн турш үргэлжилжээ. Гамшиг тохиосон энэ хоёр улсад туслахаар АНУ, ОХУ, Япон зэрэг дэлхийн олон орон тусламж, аврах багаа илгээсээр байна.
Туркэд үндэсний хэмжээний гашуудал зарлав
Г.Бямбасүрэн
Уншиж байна |