"Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар хянан шалгах үүрэг бүхий түр хороо”-ны Нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь шатны сонсгол Төрийн ордонд үргэлжилж байна.
Өнөөдөр дараах байгууллагуудтай холбоотой зээлийн асуудлуудыг нотлох баримтын хүрээнд шинжлэн судална. Үүнд:
Эрчим хүчний яам
Барилга, хот байгуулалтын яам
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар-Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар
Эдийн засаг, хөгжлийн яам-НЗДТГ Гудамж төсөл
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар-Нийслэлийн авто замын хөгжлийн газар
Боловсрол, шинжлэх ухааны яам
Гаалийн ерөнхий газар
Шадар сайд
Сангийн яам
Яг одоо Эрчим хүчний яам, Барилга, хот байгуулалтын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар-Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар салбарын эрхлэх асуудлын хүрээн дэх төслүүдийн талаар гэрчээс асуулт асууж, хариулт авч байна.
Хянан шалгах хорооны дарга Б.Энхбаяр: Н.Батбаяр сайдаас хоёр асуулт асууя. Эхний сонсголд хүрэлцэж ирээгүй байсан. Томоохон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилготой Эдийн Засгийн хөгжлийн яамыг байгуулж та сайдаар нь ажиллаж байсан. Таны эрхлэх асуудлын хүрээнд Хөгжлийн банк байгуулагдсан. Таны зөвлөх Мөнхбат анхны захирлаар ажиллаж байсан. Таны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж Шинэбаатар Хөгжлийн банкны ТУЗ-аар ажиллаж байсан. Шинэбаатар төслийн удирдах хорооны даргаар ажиллаж байсан. 2011 оны сүүлээр манай улс дэлхийд гайхагдаж, хамгийн үсрэнгүй хөгжилтэй гэгдэж, 17,5 хувийн эдийн засгийн өсөлттэй, хөрөнгө оруулагчид хошуурч байсан цаг хугацаа. Энэ цаг хугацаан дээр анхны бонд босгож, Чингис хаан нэрээр нэрлэсэн. 1,5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирсэн. Улсын төсвийн шинж чанартай маш олон арга хэмжээнд зарцуулаад дууссан. Томоохон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх, УИХ хаврын чуулганаар батлахаар байсан. Гэвч үүнийг УИХ битгий хэл Засгийн газрын хуралдаанаар орсон эсэх нь эргэлзээтэй, тендерийн хууль үйлчлэхгүйгээр явагдсан.
Тэгэхээр МУ-д бэлэн төсөл байсан уу? Зарцуулалтыг харахаар бондын зөвлөлийн гишүүдийн тойрог руу явчихсан дүр зураг харагдаж байна. Үүн дээр таны бодол санааг асуумаар байна.
Та 2013 онд Түр журам батласан. Энэ түр журмаар төслийн удирдах хороонууд байгуулаад, шууд тендергүйгээр захирлууд нь төслөө сонгоод явчихсан. Төсөвт өртгүүдийг нэмсэн гэх мэт асуудлууд байна. Гол зөрчлүүд нь Түр журмаас үүдэлтэй гэсэн дүгнэлт гарсан байна. Үүн дээр та ямар хариулт өгөх вэ?
УИХ-ын гишүүн асан Н.Батбаяр: Түрүүчийн сонголд та намайг ирээгүй гэлээ. Яагаад гэвэл надад албан ёсоор мэдэгдэл өгөөгүй. Утсаар яриагүй. Тэгээд УИХ-ын индэр дээрээс Н.Батбаярыг дуудсан боловч ирээгүй гэж ташаа мэдээлэл өгсөн. Энэ ташаа мэдээллээ залруулж уучлалт гуйхыг шаардаж байна. Энэ шаардлагын ханган биелүүлж өгөхийг ажлын хэсгийн дарга танаас хүсье
Б.Энхбаяр: Та шаардлага хүргүүлэх юм байхгүй. Ажлын албанаас тодруулж байж хариу хэлье. Та хариулж бай.
Н.Батбаяр: Энд бүгд сууцгааж байна
Б.Энхбаяр: Та хариултаа өгч бай.
Н.Батбаяр: УИХ-ын Хяналтын хорооны сонсгол явж байна.УИХ-ын хуулийн дагуу хуралдааны ирц ирвэл зохих хүмүүсийн 50 хувиас буюу олонхиос бүрдсэн байх ёстой.
Б.Энхбаяр: УИХ-ын Түр хорооны сонсгол дэгд зааснаар анх бүрдүүлсэн ирцээрээ явна. Анх бүрдүүлсэн ирцээрээ үргэлжилж байна. Хуулийн дагуу явж байна. Танд шүүлгэх гэж түр хороо ажиллаагүй. Та асуултад хариул.
Н.Батбаяр: УИХ-ын хууль бол УИХ-ынх байх ёстой.
Б.Энхбаяр: Та бол 2015 онд шинэ парламент бүрдэх үед сонгуулийн дараа УИХ-ын чуулганы анхдугаар хуралдаан дээр МҮДН фракцын картыг сугалж авч байсан. Ямар үндэслэлээр гишүүдийн картыг сугалж авч байсан тайлбараа өгөх ёстой. Тухайн үед та эдийн засгийн хөгжлийн яам байгуулж өг МҮДН фракц авах ёстой, Хөгжлийн банкыг авах ёстой гэсэн шантааж хийсэн гэх улстөрийн асуудал байдаг. Та карт сугалж шантааж хийж байгаад сайд болж, Хөгжлийн банкыг харъяандаа авсан. Энэ асуудал дээр та тайлбар өгөх ёстой.
Н.Батбаяр: Түр хорооны хурал ирцийн бүрдэлгүйгээр хуралдаж байгаа асуудал нь хууль зөрчихөд хүргэж байна. Хуралдааны үр дүн гарахгүй. Таныг Үндсэн хууль зөрчсөн гэсэн үндэслэлээр Цэцэд өгөхөөс өөр аргагүй.
Б.Энхбаяр: Та өнөөдөр Монголын ард түмний төлөөллийн дээд байгууллагад та гэрчээр асуугдаж байгаа.
Н.Батбаяр: Би тань шиг УИХ-д нэг бус удаа сонгогдож ажиллаж байсан хуулиа мэднэ
Б.Энхбаяр: Та 10 жилийн өмнөх хууль яриад байна. Таныг байх үед УИХ хурууны хээгээр бүртэгдэггүй байсан. Та бүхэн 5 гишүүний ирцээр Эрүүгийн хуулийг баталж байсан. Тэр сахилгагүй, дэггүй, шантааж хийж карт сугалж байж сайд болдог үе чинь дууссан.
Н.Батбаяр: Би албан ёсоор хэлье. Түр хороо 11 гишүүнтэй
Б.Энхбаяр: Танай намыг төлөөлсөн ДӨРВӨН гишүүн өнөөдрийг хүртэл хуралдаандаа нэг ч суугаагүй.
Н.Батбаяр: Би 2012 оны наймдугаар сарын 12-ны өдөр Эдийн засгийн хөгжлийн сайдаар томилогдсон. Бондын асуудлыг сайд болсноосоо хойш 12 хоногийн дараа гаргаж тавьсан. 2012 оны 11 дүгээр сарын 26 өдөр 1,5 тэрбум ам.долларын хөрөнгийг босгосон. Энэ хөрөнгө 12 сарын 6-нд орж ирснээс энэ түүх эхэлсэн. Өнөөдөр Хөгжлийн банкны 10 гаруй жилийн түүхийг хэлэлцэж байна. Чингис бонд, Самурай бонд гээд нийт 2,5 тэрбум долларыг би Монгол Улсдаа оруулж ирсэн. Би Монголд мөнгө оруулж ирсэн болохоос захиран зарцуулах эрхийг эдлээгүй. Дээрх бондууд орж ирээгүй бол дэлхийн зах зээл дээр эрдэс баялгийн үнэ унасан үе. Тэр хямралаас гарахын тулд эдгээр мөнгийг оруулж ирсэн. МУ-ыг эдийг засгийн огцом уналтаас сэргийлсэн. Чингис бондоор 371 бүтээн байгуулалтын арга хэмжээ хийгдээд дуусчээ. Өнөөдөр учир дутагдалтай хэдийг л ярилаа. Чингис бонд анх 500 сая доллар нь таван жилийн хугацаатай 4,1 хувийн хүүтэй, 1 тэрбум ам.доллар нь 10 жилийн хугацаатай 5,1 хувийн хүүтэй боссон мөнгө. Үүнээс хойш олон бонд боссон бүх бонд энэ хүүнээс өндөр байгаа. Чингис бонд бол Монголд их бүтээн байгуулалтууд хийгдсэн. Гудамж төслийн хүрээнд УБ хотод 33 уулзвар ашиглалтад орсон. Сонсголон, Налайх, Зуслангийн замууд, Сонгино, Био руу явсан замуудыг хийсэн. "Чингис" бондын хөрөнгөөр бид "Чингис хаан" нэртэй онгоцоо худалдаж авсан. Монгол Улс өөрийн анхны өмчлөлийн онгоцоо "Чингис" бондын хөрөнгөөр авсан.
Н.Энхбаяр: Та хуулиас давсан 29 дүгээр тушаал гаргаад 2,4 их наяд төгрөгийг яагаад нээлттэй тендергүй, төсөв төлөвлөгөөгүй, төсөвт өртөгийг дураараа нэмээд зарцуулчихав. Гудамж төсөл нэг хувьд л хүрнэ, мөнгөн дүн нь.
Н.Батбаяр: Сайдын гаргасан эрхзүйн актыг шинжээчийн дүгнэлтээр шүүдэггүй юмаа. Та дэд сайдаар ажиллаж байхдаа миний тушаалыг яагаад хүчингүй болгоогүй юм. Хууль зөрчсөн нэг ч зүйл байхгүй. Шалгалт хийсэн гэж сенсаци хөөж амьдрах хэрэггүй. Хот гэдэг бол дэд бүтэц.
Б.Энхбаяр: Надтай холбоотой юм яриад яах вэ? 2016 оны сонгуулийн дараа та надтай таарчихаад "Чамайг долоон үеэр чинь харааж байна" гэж хэлж байснаа санаж байна уу?
Н.Батбаяр: Үгүй ээ би тэгж хэлээгүй. Би хүнийг хараадаг хүн биш.
П.ГОО