Даваа гарагт Турк, Сирид болсон газар хөдлөлтийн дараа Сирийн баруун хойд нутаг дахь Ражу хотын шоронд бослого гарчээ. Энэ үеэр алан хядах байгууллагатай холбоотой байж болзошгүй олон хүн зугтсан гэж AFP агентлаг мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, газар хөдлөлтийн дараа болсон шоронгийн бослогын үеэр "Исламын улс" бүлэглэлтэй холбоотой байж мэдэх 20 хүн оргожээ. Туркийн талыг баримтлагч бүлэглэлүүд хянадаг энэ шоронд нийт 2000 орчим хүн хоригдож байгаагийн 1,3 мянга нь "Исламын улс" бүлэглэлийн үйл ажиллагаанд хамааралтай гэж сэжиглэгдэж байгаа аж. Газар хөдлөлтийн дараа хоригдлууд үймж, шоронгийн нэг хэсгийг эзлэн авсан гэж холбогдох эх сурвалж мэдээлэл өгчээ.
Эргэн сануулахад, даваа гарагт Туркийн зүүн өмнөд хэсэгт 7,6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсны дараа олон чичирхийлэлт үргэлжилсэн нь Сирид ч мэдрэгдсэн юм. Мягмар гарагт гарсан мэдээллээр, Турк болон Сирид амиа алдсан хүний тоо 4,3 мянгыг давжээ. Энэ нь 1939 оноос хойш тохиосон хамгийн том байгалийн гамшиг гэж Туркийн эрх баригчид мэдэгдсэн байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |