Д.Бат-Эрдэнэ: Газар хөдлөлт бол хэзээ болох нь тодорхойгүй байгалийн аюулт үзэгдэл
2023-02-07


 

Өчигдөр Турк улсад  болсон хүчтэй газар хөдлөлт хөрш Сири улсад ч ноцтой хохирол дагуулаад байна. Энэхүү дэлхий хэмжээнд яригдаж буй газар хөдлөлтийн талаарх мэдээ мэдээллүүд цахим орчинд түгээд буй. Энэхүү болсон үйл явдалд иргэдийн мэдлэг мэдээлэл дутуу байгаа учир газар хөдлөлтийн талаар ОБЕГ-ын ГУСГ-ын гамшгаас урьдчилан сэргийлэх, сургалт, сурталчилгааны хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Бат-эрдэнээс хэдэн зүйлийг тодрууллаа. 
 

- Сүүлийн үeд Монгол Улсын газар нутаг дээр янз бүрийн хэмжээний газар хөдлөлт илүү явагдаад байна уу. Эсвэл мэдээлэл шинжилгээ нь арай нарийвчлалтай болчихсон юм уу. Байсхийгээд л газар хөдлөлт боллоо гэх мэдээлэл гардаг болсон байна?

 

- Монгол Улсын нутаг дэвсгэрт газар хөдлөлтийг тандах 130 гаруй станц ажиллаж байна. Тэдгээрийн дүнгээс харахад сүүлийн үeийн газар хөдлөлтүүд хүчтэй ангилалд багтдаг боллоо. Энэ нь зургаагаас дээш магнитудад хамаарна. Хүчтэйвтэр гэвэл 4-6 магнитуд болдог юм. Ийм магнитудтай газар хөдлөлтийн тоо сүүлийн үeд өсөх хандлагатай байгаа бөгөөд газар хөдлөлийн идэвх өссөнийг харуулж байгаа хэрэг. Үүнийг дагаад жижиг газар хөдлөлийн тоо олширсон. Түүнтэй уялдан Улаанбаатар хот орчмын газар хөдлөлийн идэвхжил бидний анхааралд байгаа. Энэ нь 2005 оноос хойших үеийг өмнөх жилүүдтэй харьцуулахад 2-3 дахин өссөн.

 
-Төв  аймагт хэдхэн хоногийн өмнө болсон дөрвөөс дээш магнитудын газар хөдлөл энгийн ард иргэдэд ч мэдэгдсэн гэх мөртлөө мэргэжлийн байгууллагад нь түүнийг мэдэрч, бүртгэх тоног төхөөрөмж байдаггүй гэх юм?


-Бүх аймагт газар хөдлөлийн давтамж, хүчийг хэмжих суурилагдсан станц бий. Гэхдээ тэдгээрийн зай хол байдаг. 200-250 км байгаа нь хангалттай үзүүлэлт биш. Цаашдаа үүнийг ойртуулах, газар хөдлөлийн идэвхтэй бүс рүүгээ дөхүүлэх, нягтруулах гээд олон зорилго, зорилт байна. Тухайн орон нутаг дахь Цаг агаар, орчны шинжилгээний газарт ийм төхөөрөмж байдаггүй байж магадгүй. Гэхдээ тухайн орон нутаг дахь газар хөдлөлийн аливаа илрэл бүхэн станц болон бусад ажиглалтад ямагт байдаг гэж ойлгож болно.

 

Дэлхийн хэмжээнд дундажаар 1-2 баллын газар хөдлөлт хоногт 8000 удаа, 3-4 баллын газар хөдлөлт жилд 49000 удаа, 4-5 баллын газар хөдлөлт жилд 6200 удаа 5-6 баллын газар хөдлөлт жилд 800 удаа, 6-7 баллын газар хөдлөлт жилд 120 удаа, 7-7,9 баллын газар хөдлөлт жилд 18 удаа, 8 баллын газар хөдлөлт жилд 1 удаа болдог гэсэн судалгаа гаргажээ.

 

-Японы эрдэмтдийн судалгаагаар манай улсын нийслэл газар хөдлөлийн тун таагүй байршилд байдаг гэж тогтоосон.Энэ талаар мэдээлэл өгөөч?

 

-Японы Нагоягийн их сургуулийн судлаачдын дүгнэснээр Налайхаас эхлээд Богд уулын хойд хормой буюу Баянзүрх дүүрэг хүртэл, хойшоо Нарангийн энгэрээр дайрч “Найрамдал” зуслангийн орчимд үргэлжилсэн хагарал байна. Энэ нь газар хөдлөлийн идэвхтэй бүсэд хамаарна гэж дүгнэсэн. Тэрхүү хагарал нь шулуун чиглэлтэй байх ёстой гэж тооцоолоод шугам татаж үзэхэд Сүхбаатарын талбайг дайрч байгаа мэт харагдана. Гэхдээ яг багаж төхөөрөмжөө ашиглаад нарийвчлан тогтоосон юм бол байхгүй. Тиймээс судалгааг илүү нарийвчлан хийж байгаа юм билээ. Бид тодорхой хэмжээгээр хамтарч, төслийн ажилд оролцож байна.

 

-Жил бүрийн нэг өдрийг зориулсан ч газар хөдлөлтийн хор хөнөөлийг хангалттай таниулж чадахгүй байх. Иргэд өөрсдөө хэрхэн сэргийлж, хаанаас мэдээлэл авах ёстой юм бэ? 


– Иргэд тохь тухтай орон сууцанд амьдрахыг хүсэх болсон. Иймээс жил ирэх бүр аймаг, сумын төв их хэмжээгээр барилгажиж байгаа. Гэтэл манай орон газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд тооцогддог.  Өнгөрсөн зуунд буюу 1905, 1930,1950-иад онд Монголд маш хүчтэй газар хөдлөлт болж тодорхой тооны хүн амиа алдаж, тухайн үеийнхээр 10 сая гаруй төгрөгийн хохирол учирч байсан түүхэн баримтууд ч бий. 

 

Дэлхийн улс орнууд гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулахад зарцуулсан нэг доллар гамшиг тохиолдсоны дараах сэргээн босголтод зарцуулах долоон доллартай тэнцдэг гэж үздэг. Иймд тайван цагт  гамшгаас хамгаалах сургалт, дадлагыг тогтмол зохион байгуулах нь гамшгийг хор хохирол багатай даван туулах гарц юм

 

- Газар хөдлөлтийн үед бид хэрхэн өөрсдийгөө хамгаалах вэ?

 

Газар хөдлөх үед байшин дотор байгаа бол:

 

  • Тайван бай, үймж сандрах хэрэггүй
  • Аюулгүй газар хорогдох /нуугдах/ дотор хана, булан, даацын багана гэх мэт.
  • Газар хөдлөлт эхлэх үед Та хаана байна, тэндээ л газар сууж, өөрийгөө халхлах, хүлээх
  • Бат бөх ширээн доогуур орох
  • Цонхноос хол байх
  • Цаг, таазны гэрэл зэрэг дээрээс унах зүйлсийн доор зогсохгүй байх
  • Хаалга онгойлгоод доор нь зогсвол дээрээс унасан зүйл цохих аюул харьцангуй бага

 

Газар хөдлөх үед гадаа байгаа бол:

 

  • Байшин, барилга, мод, гэрэл болон цахилгааны шонгоос хол, аюулгүй газар олох
  • Хэрвээ машин дотор байгаа бол чичирхийлэлт зогстол машинаасаа гарах хэрэгггүй
  • Машинаар явж байгаа бол замаас гарч зогсох, гүүр, тунелээс холдох, ил задгай талбай олох
  • Олон нийтийн газар байвал хаалга, үүд рүү хамаагүй бүү зүтгэ. Дээрээс унаж болзошгүй зүйлээс холдохыг хичээх
  • Театр, цэнгэлдэх хүрээлэнд байсан бол суудалдаа суугаад  толгойгоо хамгаалах
  • Ойр орчимд тэсэрч, дэлбэрэх бодис байгаа бол лаа асаах юм уу, гал гаргаж болохгүй
  • Хэрэв уулархаг газар амьдардаг бол хад чулуу нурж унахаас болгоомжлох зэрэг мэдлэг мэдээлэлтэй байх ёстой. 
Shuud.mn
Сонин хачин
Сонор:
Сүүлийн үед маш муу хийцтэй барилгууд баригдсан, хуучин нь харин тэсч үлдэх бх, хүмүүс бол гар гэхэд л гарахгүй шинжтэй юм бна лээ шүү
2023-02-07