Хонконг дэлхийн өнцөг булан бүрийн жуулчдын дундаас азтан тодруулж, тэдэнд Хонконг руу нисэх тийз бэлэглэхээр болжээ. Энэ талаар Хонконгийн захиргааны тэргүүн Жон Ли мэдэгдсэнийг SCMP сонин мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, Хонконг дэлхий даяар 500 мянган жуулчинд тийз бэлэглэхээр болжээ. Энэ нь коронавирусийн цар тахлын дараа Хонконгийн аялал жуулчлалыг сэргээхэд эергээр нөлөөлөх алхам болно гэж эрх баригчид үзэж байгаа аж. Азтаныг World of Winners сайтаар дамжуулан тодруулах юм байна. Ирэх сарын нэгнээс Зүүн Өмнөд Азийн орнууд, дөрөвдүгээр сарын нэгнээс эх газрын Хятад, харин тавдугаар сарын нэгнээс бусад орнуудын жуулчид энэ арга хэмжээнд оролцох боломжтой аж.
Хонконг 2022 оны 12 дугаар сарын сүүлээр гадаадын аялагчдад зориулсан тусгаарлалтын журмыг цуцалсан бөгөөд 2023 онд Хонконг ихээхэн жуулчин татсанаар аялал жуулчлал болон бизнесийн салбарт орлого оруулна гэж Ли мэдэгджээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |