Долоо хоног бүрийн баасан гарагт Улаанбаатар хотын Ерөнхий менежер цаг үеийн асуудлаар, мөн хийж байгаа, цаашид хэрэгжүүлэх ажлуудынхаа талаар мэдээлэл хийдэг. Энэ удаагийн хэвлэлийн хурлаар “Манай хороо-Миний гудамж” аян болон зам, талбайн цэвэрлэгээ, үйлчилгээ, хот, нийтийн аж ахуйн ажлын өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
Мэдээллийн үеэр Нийслэл төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг байнгын ажиллагаатай, өнгө үзэмжтэй байлгах зорилт тавьсан. Энэ хүрээнд нийтийн бие засах газар, автобусны буудлуудыг тохижуулах, аж ахуйн нэгж, байгууллагын орчны 50 метр хүртэлх талбайн зураглалыг хийлгэж, тохижуулах, асуудлаар GS-25, CU сүлжээ франчайзингтай хамтарч ажиллахаар болсныг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа онцоллоо.
Энэ үеэр НЗДТГ-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар “Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй 1583 аж ахуйн нэгж, байгууллага ойр орчмынхоо 50 метр талбайн цэвэрлэгээ, арчилгааг хариуцдаг тогтолцоог илүү тодорхой болгохын тулд зураглал гаргаж байгаа. Энэ нь тухайн аж ахуйн нэгж яг аль хэсгийг хариуцах вэ гэдгийг мэдээллийн санд бүртгэнэ. Ингэснээр хот тохижилт, цэвэрлэгээ үйлчилгээний ажил илүү цэгцтэй, зохион байгуулалттай болно” гэсэн юм.
Уншиж байна |