Зуршил зүгээр л нэг үүсчихдэггүй, бид ойр орчны хүмүүсээсээ элдэв зөвлөгөө сонсож, заримдаа сайн мууг нь төдийлөн тунгаалгүй зөвлөгөөг дагаж, үүнийгээ зуршил болгож байдаг. Харин харахад ердийн, гэм хоргүй мэт санагдавч үнэндээ эрүүл мэндэд хортой нөлөө үзүүлдэг олон зуршлыг бид гээж чадалгүй, үр хүүхдэдээ ч "өвлүүлдэг" аж.
Халуун, хүйтэн жин тавих
Өвдөлтийг хурдан намдаах нэг арга нь хүйтэн эсвэл халуун жин тавих. Гэхдээ энэ нь бүрэн дүүрэн эмчилгээ болохгүй гэдгийг санах нь зүйтэй. Мөн эмчтэй зөвлөлдсөний эцэст л жин тавих ёстой гэж мэргэжилтнүүд сануулдаг. Учир нь дур мэдэн жин тавьснаар биеийн хэмийг огцом өөрчилсний улмаас эд эс, судсыг цочроодог байна. Энэ нь зарим тохиолдолд нэн аюултай үр дүнд хүргэдэг гэнэ.
Нүдний линзээ авалгүй унтах
АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс гаргасан тайланд өгүүлснээр, линз зүүдэг хүмүүсийн гаргадаг түгээмэл алдаа нь линзээ авахгүй унтах явдал гэнэ.
Линзээ авалгүй унтснаар нүд улайж, загатнахаас гадна зарим тохиолдолд үрэвсэлт өвчин үүсэх шалтгаан болдог аж. Хамгийн гол нь, линз торлог бүрхэвч сайтар амьсгалах боломжийг хаадаг тул байнга линзтэйгээ унтсанаар хараа мууддаг байна.
Өдөр бүр усанд орох
Өдөр бүр усанд орохдоо саван, цэвэрлэгч ашиглах нь арьс хуурайших, зарим төрлийн халдвар үүсэхээс сэргийлдэг себумыг бууруулдаг аж. Бактерийн эсрэг саван байнга ашигладаг бол ашигтай бактерийг устгаж, дархлааг бууруулах эрсдэлтэй гэнэ. Тиймээс долоо хоногт 3-4 удаа усанд ороход хангалттай гэж эрүүл ахуйчид зөвлөжээ.
Үнэрт лаа асаах
Үнэрт лаа гэрт тааламжтай уур амьсгалыг бий болгож, бясалгах, тайвшрахад ихээхэн тустай байдаг. Гэвч үнэртүүлэгчид орсон зарим химийн бодис нь хүний биед хортой байж болзошгүйг мэргэжилтнүүд анхааруулжээ. Түүнчлэн парафин лаа нь шатах үедээ хортой уур ялгаруулдаг байна.
Тиймээс өөрийгөө хамгаалахын тулд буурцагнаас гарган авсан лааг ашиглахыг зөвлөжээ. Эсвэл аль болох үнэргүй лаа асааж, дараа нь сайтар салхи оруулж байхыг анхааруулсан байна.
Бохь зажлах
Хоол идсэний дараа амаа цэвэрлэх зорилгоор бохь зажлах нь тустай ч байнга зажилвал хүний эрүүл мэндэд муу нөлөө үзүүлдэг аж. Бохийг хоол идсэний дараа амны хөндийгөө цэвэрлэх зорилгоор 10-15 минутаас дээшгүй хугацаагаар зажлахад хангалттай, энэ хугацаанд бохь амны хөндийгөөс хүнсний зөөлөн үлдэгдлийг цэвэрлэдэг байна.
Харин бохь тогтмол бохь зажлах нь богино хугацааны санах ойг бууруулдаг гэнэ. Түүнчлэн шүдэнд механик болон химийн нөлөөлөл үзүүлдэг, хоосон ходоодтойгоор бохь зажилвал ходоодны шарх үүсэх эрсдэлийг бий болгодог аж. Мөн элсэн чихэр ихээр агуулагддаг тул бактери үржих, хатуу эд уусахад нөлөөлж, шүдний өвчлөл үүсдэг байна.
Г.Бямбасүрэн