Сэргээн босгох ажилд оролцуулахаар ажилтнуудынхаа тодорхой хэсгийг Украины эзлэгдсэн нутгууд руу илгээхийг Хойд Солонгосын Засгийн газар Орос дахь худалдааны компаниудад тушаажээ. Энэ талаар ОХУ дахь эх сурвалжаас авсан мэдээлэлтэйгээр Өмнөд Солонгосын Daily NK сонин мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мээдэлснээр, Хойд Солонгосын засгийн газрын захирамжийг олон компани хүлээн авсны дотор БНАСАУ-ын Батлан хамгаалах яамтай холбоотой Cholhyon Construction болон Kumrung Construction компаниуд нэгдүгээр сарын 20-ны өдөр мэдэгдэл хүлээн авчээ.
Тэд 19-27 насны эрчүүдийг сонгож явуулах үүрэг хүлээсэн бөгөөд эдгээр иргэд нь энгийн иргэн биш харин цэрэг эсвэл цагдаа байх ёстой гэнэ. Украины эзлэгдсэн нутаг руу илгээх Хойд Солонгосын иргэд нь гэрлэсэн байх ёстой, гэхдээ ар гэрээ Хойд Солонгост үлдээх ёстой аж. Ингэснээр цэргүүд оргон зайлахаас сэрэмжилж байгаа гэнэ. Эхний ээлжинд Хойд Солонгосын 300-500 иргэнээс бүрдсэн бүлэг хоёрдугаар сарын дунд эсвэл гуравдугаар сар гэхэд Украины эзлэгдсэн нутагт очно гэж тооцоолж байгаа юм байна.
Хойд Солонгосын Засгийн газрын тушаалд цэргүүд Украинд очоод ямар даалгавар гүйцэтгэх талаар тодорхой бичээгүй ч тэднийг байлдааны ажиллагаанд татан оролцуулах нь эргэлзээтэй гэж Daily NK сонин онцолжээ. Мөн ийнхүү цэрэг илгээж байгаа нь Хойд Солонгост орлогын нэмэлт эх үүсвэр болно хэмээн цохон тэмдэглэсэн байна. Учир нь Украинд очсон цэргүүд Орост байсан үеийнхээс гурав дахин их цалин авна, хилийн чанадад байсан ч тогтсон цалин авдаг харин нэмэлт орлого нь БНАСАУ-ын төсөвт шууд орох аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |