Хоёрдугаар сарын хоёрны өдөр ОХУ Сталинградын тулаанд Улаан арми Германы цэргүүдийг бут цохисны 80 жилийн ойг тэмдэглэлээ. Энэ үеэр Оросын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдэл хийхдээ Герман улс Оростой дахин дайн хийж байна хэмээн буруутгажээ.
"Биднийг дахиад л Германы "Леопард" танкаар сүрдүүлж байна. Мөн дахиад л Украины нутаг дээр Оростой дайтахаар төлөвлөж байна" хэмээн Путин хоёрдугаар сарын хоёрны өдөр Волгоград хотноо болсон ёслолын арга хэмжээн дээр үг хэлэх үеэрээ мэдэгджээ.
Хэдийгээр 80 жилийн дараа ч Оросыг дахин сүрдүүлж байгаа үед хариу барих, хамгаалах арга байгаа хэмээн тэрбээр онцолсон байна.
"Гэхдээ бидэнд хариу барих зүйл байгаа. Хуягт техник хэрэглээд л зогсчихгүй" хэмээн Владимир Путин сүрдүүлжээ.
Түүнчлэн өнөөгийн сөргөлдөөнд Оросыг ялах боломжгүй гэсэн утга бүхий мэдэгдэл хийсэн байна.
"Биднийг сүрдүүлж буй хүмүүс нэг л үнэнийг ойлгохгүй байна. Бид эхийн сүүгээрээ дамжуулан уламжлалаа тээсэн, цусаа урсган эх орноо босгож, үе уламжлан үлдээсэн ялагчдын үр удам. Удам, үнэт зүйл, уламжлалаа залгамжилж байгаа нь Оросыг бусдаас ялгах, биднийг хүчтэй, өөртөө итгэлтэй, ялалтад итгэх хүчтэй болгож байгаа" хэмээн Путин мэдэгджээ.
Владимир Путин Волгоградад хийсэн энэхүү мэдэгдэл нь Герман улс Украинд Леопард 2 танк илгээхээр шийдсэнээс хойш Путин олон нийтэд хандан энэ талаарх байр сууриа илэрхийлсэн анхны тохиолдол байлаа. Тэрбээр энэ мэдэгдэлдээ барууныхан дайныг дэврээж байгаа ч Орост "олон нөхөр" бий хэмээн онцолжээ. Барууны зүгээс дарамт шахалт ирж байгаа ч Орост олон найз нөхөр бий, "дэлхий даяар, тэр дундаа Америк тив, Хойд Америк, Европт ч найз нөхөр бий" хэмээн Путин мэдэгдсэн байна.
Энд дуулгахад, Сталинградын тулаан нь Дэлхийн II дайны үед ЗХУ-ын Улаан Арми болон Гитлерийн Германы Армийн /Вермахт/ хооронд 1942 оны долоодугаар сарын 17-ноос 1943 оны хоёрдугаар сарын хоёрны өдрийн хооронд болсон томоохон тулалдаан юм. Өнөөгийн ОХУ-ын Воронеж, Ростов, Волгоград хязгаарууд болон Бүгд Найрамдах Халимаг улсын нутагт өрнөсөн энэ тулалдаанд Германы арми бууж өгч дуусгавар болсон. Сталинградын тулалдаан нь аугаа их эх орны дайны төдийгүй, бүхэлдээ дэлхийн хоёрдугаар дайны явцад үндсэн эргэлт гаргах эхлэл болсон гэж түүхчид үздэг.
Г.Бямбасүрэн