Хятадын Куньминий их сургуулийн эрдэмтэд Паркинсоны өвчнийг эмчлэх үүдэл эсийн эмчилгээний арга боловсруулжээ. Энэ талаар South China Morning Post сонин мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, Куньминий шинжлэх ухаан, технологийн их сургуулийн эрдэмтдийн багийн боловсруулсан аргыг сармагчин дээр туршихад эмчилгээ хурдан, үр дүнтэй нөлөөлж байсан аж. Паркинсоны өвчин үүсэх үндсэн шалтгаан өнөө хэр тодорхойгүй байдаг ч энэ өвчтин тархины мэдрэлийн эсүүдийг алдахтай холбоотой байдаг. Эдгээр эсүүд нь биеийн хөдөлгөөнийг зохицуулдаг дофамин гормоныг ялгаруулдаг аж.
Улмаар Хятадын эрдэмтэд хүний хүйнээс үүдэл эсийг ялган авч, дараа нь дофамин нийлэгжүүлдэг гурван гени нэмсэн байна. Ингээд генийн өөрчлөлттэй үүдэл эсүүдийг Паркинсоны өвчинтэй есөн сармагчинд өгчээ. Өвчний улмаас хөдөлгөөн нь илтэд саатсан сармагчингууд 2-3 долоо хоногийн дараагаас босож, хоол хүнсээ авч, иддэг болсон байна. Дараагийн таван жилд эдгээр амьтдын хөдөлгөөний болон сэтгэцийн байдал нь улам сайжирсаар байжээ. Харин энэ эмчилгээний аргыг хэрэглээгүй гурван сармагчны биеийн байдал улам муудсан байна.
Үүдэл эсээр эмчлэх энэ арга хүнд тохиромжтой гэдэг нь батлагдвал дэлхий даяар олон сая хүнийг эмчлэх боломжтой болох юм. Паркинсоны өвчин нь тархины хамгшийн түгээмэл өвчнүүдийн нэг юм. Дэлхий даяар 60-аас дээш насны хүмүүсийн нэг хувь нь ийм өвчин тусдаг аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |