Афганистаны эмэгтэйчүүдийн эрхийг боомилж байгаа эрх баригчдын төлөөлөгчдөд АНУ визний хязгаарлалт тавихаар болжээ. Энэ талаар АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен мэдэгдсэн байна.
Түүний мэдэгдсэнээр, эмэгтэйчүүдийн эрхийг боомилж байгаа талибуудын эсрэг тавих визний хязгаарлалт нь талибуудын гэр бүлийн гишүүдэд ч хамаарах аж. Хязгаарлалт "Талибан" хөдөлгөөний өнөөгийн болон өмнө нь гишүүн байсан хүмүүст хамаарах бөгөөд жагсаалтад Афганистаны хүчний байгууллагын төлөөлөгчид, эмэгтэйчүүдийг их дээд сургуульд суралцах, арилжааны бус байгууллагуудад ажиллахыг хориглох шийдвэрийг дэмжсэн албан тушаалтнууд ч багтжээ.
"Талибан" 2021 оны наймдугаар сард Афганистаны төрийн эрхэнд гарсан юм. Талибууд төрийн эрхэнд гарахдаа шариатын ёсоор эмэгтэйчүүдийн эрхийг хүндэтгэнэ хэмээн амлаж байсан ч амлалтаа зөрчин, эмэгтэйчүүдийн эрхийг боомилсоор ирсэн. 2022 оны сүүлээр талибууд эмэгтэйчүүдийг боловсрол эзэмшихийг хориглосны дээр хэд хэдэн салбарт эмэгтэйчүүдийг ажиллахыг хориглосон юм.
Талибуудын энэ шийдвэрт дургүйцсэн Афганистаны эмэгтэйчүүд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан ч тэднийг хүчээр тарааж байв. Мөн ийм жагсаалд оролцсон эмэгтэйчүүд талибуудын зүгээс ихээхэн дарамт, хавчлагад өртсөн гэж "Нью-Йорк Таймс" сонин мэдээлж байв.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |