ОХУ Украинд дайн өдүүлсний дараа дэлхийн орнууд Оросын эсрэг хориг тавьж, улмаар эдгээр орнуудыг ОХУ "нөхөрсөг бус орнууд" хэмээн нэрлэж, харин харилцаа сайн байгаа орнуудаа "нөхөрсөг орон" гэсэн жагсаалтад багтааж байлаа. "Нөхөрсөг орнууд"-ын жагсаалтад Хятад, Энэтхэг, Монгол, Африк, Ойрх Дорнод болон хуучин зөвлөлтийн орнууд багтдаг юм.
Харин ОХУ "нөхөрсөг" гэж тооцдог орнууд "төсөөлж байснаас өөр алхам" хийж, Оросын банкуудын эсрэг Барууны хоригт бүрэн нэгдсэн гэнэ. Энэ талаар Оросын банкны дэд ерөнхийлөгч Александр Рахманин мягмар гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэнийг РБК дамжуулжээ.
Оросын банкны дэд ерөнхийлөгчийн өгүүлснээр, Хятад, Турк, Арабын Нэгдсэн Эмират Улс төдийгүй Казахстан, Узбекистан, Киргиз, Туркменистан зэрэг хуучин Зөвлөлтийн орнуудын байгууллагууд ч хоригт өртсөн Оросын санхүүгийн байгууллагуудтай ажиллахаас татгалзсан гэнэ.
Тухайлбал, Bank of China, ICBC, China Construction Bank зэрэг Хятадын төрийн томоохон банкууд хоригт өртсөн ОХУ-ын банкуудаас төлбөр хүлээн авахаас татгалзсан гэж Рахманин мэдэгджээ.
Түүнчлэн Туркийн банкууд ч хоригийг ёсчлон дагаж, хар жагсаалтад орсон Оросын банкуудад лирээр харилцах данс нээхээс татгалзаж байгаа аж. Оросын банкуудын ихэнх нь хоригт өртсөн тул Туркийн төрийн банкуудтай ажиллах боломжгүй, гагцхүү жижиг байгууллагуудтай ажиллахаас аргагүй болсон гэж Рахманин өгүүлжээ. Мөн хориг арга хэмжээнээс зайлсхийхийн тулд Оросын компаниуд бизнесээ шилжүүлж байгаа Арабын Нэгдсэн Эмират Улсад ч хүндрэлтэй асуудлууд үүсэж байгаа бөгөөд АНЭУ-д Оростой бараа эргэлт хийсэн нөхцөлд ам.долларыг дирхамаар солиход хүндрэл гарч байгаа гэнэ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |