Хятадын Сычуань муж гэрлээгүй хүмүүсийг хүүхэдтэй болохыг албан ёсоор зөвшөөрчээ. Энэ талаар тус мужийн эрх баригчдаас авсан эх сурвалжтайгаар SCMP сонин мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, хоёрдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн нярайг бүртгэхдээ гэр бүлийн байдал болон хүүхдийн тоонд тавьдаг хязгаарлалтыг цуцалж байгаагаа Сычуань мужийн Эрүүл мэндийн комисс мэдэгджээ. Ингэснээр гэрлээгүй хүмүүс гэрлэсэн хосод зориулагдсан хөнгөлөлтийг авч болохын дээр ганц бие хүмүүс үргүйдлийг эмчлүүлэх үйлчилгээ авах боломжтой болж байгаа аж. Мөн гэрлээгүй хүмүүс ч хүүхдээ бүртгүүлэх боломжтой болжээ.
Сычуань мужид зөвхөн гэрлэсэн хосын хүүхдүүдийг бүртгэдэг байсан бөгөөд харин гэрлэлтээс гадуурх хүүхдийг бүртгүүлэхэд асар өндөр торгууль төлөх ёстой байсан гэнэ. Хятадын хүн ам 2022 оны дүнгээр 60 жилийн хугацаанд анх удаагаа хүн ам нь буурснаар Хятадын эрх баригчид төрөлтийг нэмэгдүүлэх төрөл бүрийн арга хэмжээ авч хэрэгжүүлэх болсны нэг нь Сычуанийн эрх баригчдын энэ шийдвэр аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |