Оросын Өвөр Байгалын хязгаарын Хууль тогтоох хурлын дарга Юрий Кон 2022 онд парламент хийж гүйцэтгэсэн ажлын үр дүнгийн талаарх хэвлэлийн бага хурлын үеэр Орос болон бүс нутгууд хөрш Монголтой харилцаагаа бэхжүүлэх хэрэгтэй хэмээн мэдэгджээ.
Тэрбээр Оросын хувьд нөхөрсөг бус орнууд Монголд нөлөөллөө нэмэгдүүлж байгааг онцлоод төгсөгчдийн холбоо зэрэг хамтран ажиллах нэгдлүүдийг байгуулах ёстой хэмээн мэдэгдсэнийг МК дамжуулсан байна.
"Тэнд (shuud.mn: Монголд) зөвхөн Америк ч биш Япон, Солонгос ч нөлөөллөө тогтоож байна. Орос хэл сонгон суралцах хандлага буурч, одоо англи хэлийг л түлхүү сонгож байна. Бид тийшээ эдийн засгаар нь төдийгүй соёл, боловсролоор нь дамжиж орох ёстой. Бид Монголыг алдаж болохгүй! Бид хамтдаа урагшлах ёстой. Тиймээс Өвөр Байгалийн хязгаарт гадаад төгсөгчдийн холбоог байгуулах хүсэлтэй байна" хэмээн Кон мэдэгджээ.
Эргэн сануулахад, ОХУ Украинд дайн өдүүлсний улмаас дэлхийн улс орнууд Оросын эсрэг хориг хязгаарлалт тавьж, харилцаа муудсан. Улмаар Оросын эрх баригчид "Нөхөрсөг бус орнууд"-ын жагсаалт гаргаж, энэ жагсаалтад Оросын эсрэг аливаа хориг арга хэмжээ, хязгаарлалтын арга хэмжээ тавьсан Австрали, Албани, Андорра, Их Британи, ЕХ-ны орнууд, Исланд, Канад, Лихтенштейн, Микронези, Монако, Шинэ Зеланд, Норвеги, БНСУ, Сан-Марино, Хойд Македони, Сингапур, АНУ, Тайвань, Украин, Черногори, Швейцар, Чех зэрэг онруудыг багтаасан юм.