Хятадад үйлдвэрлэсэн С919 зорчигч тээврийн онгоц энэ оны гуравдугаар сараас эхлэн тогтмол нислэг үйлдэх төлөвлөгөөтэй байгаа аж. Энэ талаар холбогдох албанаас авсан эх сурвалжтайгаар SCMP сонин мэдээлжээ.
С919 онгоцны анхны арилжааны нислэг нэгдүгээр сарын 28-нд үйлдэгдсэн бөгөөд Шанхайгаас Жянси мужийн Наньчан Чанбэй нисэх буудал руу чиглэгдсэн байв. Онгоцыг загварчлах, нислэгийн явцыг шалгах зорилгоор ийм нислэг үйлдсэн байна. Цаашлаад гуравдугаар сараас эхлэн С919 онгоцыг тогтмол нислэгт ашиглахаар төлөвлөж байгаа аж.
2022 оны 12 дугаар сарын сүүлээр туршилт шалгалтын нислэгээ дуусгасан С919 онгоц нь Хятадад үйлдвэрлэсэн анхны зорчигч тээврийн онгоц юм. Энэ онгоц Боинг 737 болон Эйрбус А320 зэрэг онгоцуудыг Хятадын зах зээл дээр орлоно гэж шинжээчид үзэж байна. 2022 онд Чухайд болсон агаарын шоуны үеэр онгоц үйлдвэрлэгч компани 300 гаруй онгоцны захиалга авчээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |