ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин "цэргийн тусгай ажиллагаа" эхлүүлэх тушаалыг өнгөрсөн оны хоёрдугаар сард өгч, Оросын арми Украин руу халдан, өнөөгийн дайн эхэлснээс хойш жил орчмын хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд Оросын арми бие бүрэлдэхүүний хохирол ихээхэн амсаж, цэргийн хүчийг нөхөхийн тулд 2022 оны есдүгээр сард хэсэгчилсэн дайчилгаа зарлаж байлаа. Гэсэн ч энэ нь дайны явцад төдийлөн нөлөөлөөгүй, Оросын тал бие бүрэлдэхүүний хохирол амссаар байгаа тул дахин цэрэг татахаар болжээ.
Энэ удаад дайчилгаа биш харин "сайн дурынхан" нэрийн дор цэрэг татахаар болсон байна. Тодруулбал, Украинтай хийж буй дайн оролцох сайн дурынхныг элсүүлэх, тэдэнтэй гэрээ байгуулах тушаалын төслүүдийг Оросын Батлан хамгаалах яам боловсруулжээ. Коммерсант агентлагийн мэдээлснээр, цэргийн комиссарын газрууд армид алба хаасан оросуудыг зарлан дуудаж, тэднээс сайн дураар армид элсэх хүнийг "олох" бөгөөд ийм сайн дурын цэрэг нь цэргийн алба хаагчдаас ялгаатай нь хугацаанаасаа өмнө чөлөөлөгдөж болох гэнэ. Гэхдээ үүнийхээ төлөө төлбөр төлнө. Оросын Батлан хамгаалах яам ийм төсөл гаргасан нь тус улсад байх "Вагнер" хувийн цэргийн компаний үйл ажиллагааг хуульчлах гэсэн оролдлого гэж хүний эрхийг хамгаалагчид үзэж байгаа аж.
Сайн дурын үндсэн дээр алба хаахтай холбоотой Батлан хамгаалах яамны тушаалын багц төсөл Оросын эрхзүйн актуудын төслийн албан ёсны цахим хуудас дээр нийтлэгджээ. Баримт бичигт сайн дурынхантай гэрээ байгуулах, тэднийг зэвсэг, хувцас хэрэглэлээр хангах нөхцөл, эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх, ахмад дайчны үнэмлэх олгох, түүнчлэн амиа алдагсдыг оршуулах журмыг тусгасан байна.
Энэ тушаал нь 2022 оны 11 дүгээр сарын дөрөвний өдөр хүчин төгөлдөр болсон, сайн дурынхны нэгтгэлийн тухай шинэ журмыг багтаасан шинэчилсэн хуулийн дагуу боловсруулагдсан байна. Хуульд тусгаснаар, дайчилгаа, дайны байдал, зэвсэгт сөргөлдөөн, алан хядах ажиллагааны эсрэг ажиллагаа болон хилийн чанадад армийг ашиглах үед Ерөнхийлөгчийн шийдвэрээр сайн дурын нэгтгэлийг байгуулах аж.
Сайн дурынхныг хэрхэн элсүүлэх вэ?
Сайн дурынхан Батлан хамгаалах яамтай гэрээ хийснээр ийм нэгтгэлд багтах бөгөөд алба хаах хугацаандаа цэргийн алба хаагчийн статустай байх гэнэ. Тушаалын төсөлд тусгаснаар, цэрэг бүртгэлийн мэргэжилтэй, армид алба хаасан иргэдээс сайн дурынхныг бүрдүүлэх аж.
"Гэрээ байгуулах хүсэлтэй иргэдийг олох" гэж тушаалын төсөлд тусгасан байх бөгөөд энэ ажлыг цэргийн комиссарын газрууд иргэдэд зарлан дуудах хуудас өгч, тэднийг цэргийн комиссарын газар ирсэн үед биечлэн ярилцаж, элсүүлэн авах гэнэ. Үүний зэрэгцээ орон нутгийн эрх баригчид, ажил олгогчид, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан байгууллагууд, сэтгэлзүйн зөвлөгөө тусламж үзүүлэх төвүүд, эх оронч байгууллагууд иргэдийг "гэрээ байгуулах"-ыг уриалан, ухуулах ёстой гэж тушаалын төсөлд тусгажээ.
Хэдийгээр энэ төсөлд дайчилгааны шинэ давалгааны талаар тусгагдаагүй ч иргэд дахин зарлан дуудах хуудас авах бөгөөд энэ нь цэргийн комиссарын газарт очиж "ярилцахад" зориулагдсан аж. Ийнхүү "ярилцсан"-ы дараа Украинд байлдах "хүсэлтээ илэрхийлсэн" бүх хүнийг сайн дурын нэгтгэлд авчихгүй гэнэ. "Вагнер" компаниас ялгаатай нь сайн дурын нэгтгэлд хоригдол, ял шийтгэл эдлэсэн этгээдүүд, эрүүгийн хэргээр шийтгэл хүлээсэн хүмүүс, захиргааны хэрэг зөрчил гаргасан иргэдийг сайн дурын цэргээр элсүүлэхгүй юм байна.
Түүнчлэн бэлгийн хүчирхийлэл үйлдсэн, экстремист болон террорист үйл ажиллагаатай холбоотой зүйл ангиар ял шийтгэл эдэлсэн хүмүүсийг сайн дурын цэргээр элсүүлэхийг хоригложээ. Үүний зэрэгцээ хугацаат цэргийн алба хаагаагүй хүмүүсийг дайнд сайн дурын цэргээр илгээхгүй.
Сайн дурын нэгтгэлд элсэх хүмүүсийг эмнэлгийн үзлэг, сэтгэцийн эрүүл мэндийн үзлэгт оруулж, согтууруулах ундаа, хорт бодис, хар тамхи хэрэглэдэг эсэх, хориотой байгууллагуудад гишүүнээр элссэн эсэхийг шалгаж, бие бялдрын бэлтгэлийг ч шалгах аж.
Сайн дурын цэрэг 4, 8, 12 сарын хугацаагаар гэрээ байгуулж, гэрээ байгуулсныхаа маргааш нь л албандаа орох үүрэгтэй гэж тушаалын төсөлд тусгажээ. Батлан хамгаалахын сайдын тушаалаар сайн дурын цэргийг хувцас хэрэглэл, хүнс, буудах зэвсгээр хангах юм байна. Гэрээнд заасны дагуу "ямар ч үед" сайн дурын цэрэг командлагчийн тушаалаар үүргээ биелүүлэх ёстой, мөн алба хаах хугацаанд нь өөр нэгтгэл рүү өөр албан тушаалд томилж болох аж.
Путин дайчилгааны тухай тушаал гаргахдаа гэрээт цэргийн алба хаагчдыг хугацаанаасаа өмнө чөлөөлөгдөхийг хориглосон. Харин энэ заалт сайн дурын цэргүүдэд хамаарахгүй юм байна. Сайн дурын цэргүүд өөрийн хүсэлтээр гэрээг цуцлах эрхтэй нь тэдний албаны гол онцлог аж. Гэвч ийнхүү хугацаанаасаа өмнө халагдахад хатуу нөхцөл тавьжээ. Тушаалын төсөлд тусгаснаар, сайн дурын цэрэг хугацаанаасаа өмнө чөлөөлөгдөхөөр бол бэлтгэл, хувцас хэрэглэлд зарцуулсан зардлыг нөхөн төлж, өөрт нь хүлээлгэн өгсөн бүхий л өмч хөрөнгийг хүлээлгэн өгч, өөрийн гэм буруугаас хохирол учирсан бол түүнийг нөхөн төлөх ёстой юм байна.
Сайн дурын цэрэг даалгавар гүйцэтгэж эхлэхээс өмнө буюу байлдааны талбарт очихоосоо ч өмнө алба хаахаас татгалзвал цэргийн комиссарын газраас анги нэгтгэл хүртэл зорчсон замын зардлыг төлж, өөрийн зардлаар гэртээ харих ёстой гэнэ. Харин "даалгавар гүйцэтгэх бүс"-ийг дур зоргоороо орхин явсан сайн дурын цэргийг "гэрээний нөхцөл биелүүлээгүй" гэж үзэн халах юм байна. Энэ тохиолдолд мөн л түүнд хамаарах бүхий л зардлыг нэхэмжлэн төлүүлэх аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |