Одоогоос гурван жилийн өмнө 2020 онд өнгөт арьстан Жорж Флойдын үхлээс үүдэлтэй үймээн АНУ-ыг бүрхэж байв. Өнгөт арьст эрийг цагдаа нар баривчлах үедээ хүзүүн дээр нь өвдөглөн, улмаар амьсгалыг нь боогдуулж амь насаа алдах шалтгаан болсон юм. Цагдаагийнхны үйлдлийг эсэргүүцсэн хөдөлгөөн хүчирхийлэл, арьс өнгөөр ялгаварлахын эсрэг тэмцэл болон өрнөж, улмаар эмх замбараагүй байдалд шилжиж байв. 2020 оны зургадугаар сард энэ эсэргүүцлийг дэмжсэн 2000 гаруй жагсаал цуглаан дэлхийн 60 оронд болж байлаа.
Өнгөт арьстан болон цагдаагийн ажилтнуудтай холбоотой хэрэг дахин гарч, АНУ-д эсэргүүцэл дэгдсэн байна. Ройтерс агентлагийн мэдээлснээр, нэгдүгээр сарын 27-ны өдөр Теннесси мужийн Мемфис хотын цагдаагийн газар нийтлэсэн дүрс бичлэг дээр таван цагдаа 29 настай өнгөт арьстан Тайри Николсыг баривчлан, дараа нь зодож байгаа нь дүрслэгдсэн байх бөгөөд Тайри Николс энэ хэргээс хойш гурван өдрийн дараа нас баржээ.
Энэ хэрэг нэгдүгээр сарын долооны өдөр болжээ. Цагдаагийнхан Николсын машиныг зогсоож, түүнийг газар хэвтэхийг шаардсан байна. Николс "Би яагаа ч үгүй. Гэртээ л харих гэж байна" хэмээн хариулж, цагдаагийнханд эсэргүүцэл үзүүлээгүй аж.
Цагдаагийнхны нэг нь түүний нүүр рүү нулимс асгаруулагч цацахад Николс үсэрч, зугтахыг завджээ. Николс зэвсэг авахыг завдсан гэж цагдаагийнхан мэдүүлсэн ч дүрс бичлэг дээр үүнийг батлах баримт байгаагүй гэнэ. Ингээд цагдаагийнхан Николсыг гүйцэж, хоёр нь түүнийг зодож эхэлжээ. Энэ үед Николс "Ээж ээ" гэж хэдэнтээ хашгирах аж. Николсын ээжийн өгүүлснээр, хүүг нь гэрээс нь 70 метрийн зайд зоджээ.
Цагдаа нар Николсыг зодсоныхоо дараа машин руугаа оруулж, улмаар 19 минутын дараа түргэн тусламжийн машин ирж түүнийг авч явсан байна. Николс эмнэлэгт хүргэгдсэнээсээ хойш гурван өдрийн дараа нэгдүгээр сарын 10-ны өдөр нас баржээ.
Цагдаагийнхан Николсыг хэрхэн зодож байгааг харуулсан дүрс бичлэг ил болсны дараа Мемфис хотод эсэргүүцлийн жагсаал болсон байна. Түүнчлэн Нью-Йорк хотод ч эсэргүүцлийн ажиллагаа болж, энэ үеэр цагдаагийн машиныг эвдэлсэн гурван хүн баривчлагджээ. Харин Атланта, Вашингтон, Сакраменто зэрэг хотуудад болсон эсэргүүцлийн жагсаал тайван болж өнгөрсөн байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден болсон явдлыг байж боломгүй хэрэг хэмээгээд гүнээ харамсаж байгаагаа илэрхийлжээ.
Өнгөт арьстныг баривчлахад оролцсон таван цагдааг ажлаас нь халсан байна. Улмаар нэгдүгээр сарын 26-ны өдөр тэднийг баривчлан, хүний амь хөнөөсөн, халдсан, албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт буруутгажээ. Харин нэгдүгээр сарын 27-ны өглөө тэдний дөрвийг барьцаагаар сулласан байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |