АНУ болон түүний холбоотнууд Украин дахь титаны томоохон нөөцийг илрүүлэх, боловсруулах, ашиглахын тулд ихээхэн хүчин зүтгэл гаргаж байгаа талаар Newsweek сонин бичжээ.
Сонины нийтлэлд өгүүлснээр, чухамхүү Украины титаны нөөц нь "цаашлаад Орос, Хятадыг тогтоон барих"-ын тулд цэргийн дэвшилтэт технологийг хөгжүүлэхэд томоохон үүрэг гүйцэтгэж болзошгүй гэнэ. Цаашдаа Украины титан нь Украиныг дэмжихээ үргэлжлүүлэх гол шалтгаануудын нэг болно гэж Конгрессын эх сурвалж сонинд өгүүлжээ.
Newsweek сонины бичсэнээр, Орос, Хятадаас титан авахын оронд Украинаас авдаг болох боломжийг судлахыг Төрийн департаментад санал болгосон хуулийн төслийг 2022 онд АНУ-д боловсруулсан байна. Титан нь АНУ-д эдийн засаг болон үндэсний аюулгүй байдлыг хангах 35 ашигт малтмалын жагсаалтад багтдаг, мөн АНУ энэ металлын хэрэгцээнийхээ 90 хувийг гадаад улс орнуудаас худалдан авдаг аж.
Украинд үүссэн сөргөлдөөнөөс үүдэлтэйгээр олон улсын харилцаа хурцадмал байгаа энэ үед ОХУ Барууны орнууд руу титан экспортлохоо зогсоовол нисэх онгоцны үйлдвэрлэл болон батлан хамгаалахын үйлдвэрийг хүндхэн байдалд оруулна гэж АНУ болгоомжилж байгаа талаар сонины нийтлэлд онцолсон байна. Чухамхүү амин чухал салбарт шаардлагатай түүхий эд учраас барууны орнууд өнөө хүртэл дэлхийн томоохон титан үйлдвэрлэгч Оросын "ВСМПО-Ависма" корпорацийн эсрэг хориг тавихгүй байгаа аж.
Титан АНУ-ын хувьд "нэн эмзэг" түүхий эд бөгөөд чухамхүү энэ металлын ачаар л онгоц, зэр зэвсэг үйлдвэрлэх боломжтой гэж Newsweek-д мэдээлэл өгсөн эх сурвалж өгүүлсэн байна.
"Эд бүгд титанаас хамааралтай, энэ салбарт гадаадын нийлүүлэгчдээс хамааралтай болсон өнөөгийн энэ байдлыг бид өөрсдөө л бий болгосон. Өмнө нь ийм үндсэн нийлүүлэгчдийн нэг нь Орос улс байсан юм" хэмээн эх сурвалж өгүүлжээ.
Өөр нэг эх сурвалжийн өгүүлснээр, Украин улс "газрын ховор эрдсийн арвин нөөцтэй судлууд"-тай аж. Тиймээс "хөзрөө зөв гаргавал" Украины нөөц "Орос, Хятадын нийлүүлэлтийг орлуулах сайхан боломж" болох гэнэ.
"Барууны орнууд Украиныг дэмжих шалтгаанаа хэлэлцэхийн хэрээр титаны нөөц нь дэмжлэгээ үргэлжлүүлэх гол шалтгаануудын нэг болно" хэмээн эх сурвалж өгүүлжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |