МАН-ын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллага болох Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны Бага хурал өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд эхэллээ.
Гэнэт зарласан энэхүү хуралдаанаар МАН-ын дэргэдэх томоохон ТББ НАМЭХ тэргүүнээ солих асуудлыг хөндөнө гэх мэдээлэл байна. Тус холбооны тэргүүн Д.Сарангэрэл ХНХ-ын сайдаар томилогдоод удаагүй байхдаа "Ул"-ны иргэд гэх зохисгүй үг хэрэглэж, сайдын суудлаасаа буухад хүрсэн юм. Тэгвэл намын эмэгтэйчүүдийн зүгээс Д.Сарангэрэлийг НАМЭХ тэргүүний суудлаа өгөх ёстой гэх байр суурийг илэрхийлж байгаа аж. Д.Сарангэрэлийн хувьд 2012 онд одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг УИХ-ын гишүүнээс татгалзахад жагсаалтаас парламентын гишүүн болж байв. Үүнээс хойших 10 жил МАН-ын лидер бүсгүйчүүдийн тоонд орж явсан Д.Сарангэрэлийн улстөрийн рейтинг өдрөөр өдөрт буурч байна. Иймээс эрх баригч хүчний бүсгүйчүүд Д.Сарангэрэлийг НАМЭХ-ны тэргүүний суудлаасаа буух ёстой гэсэн байр суурьтай байгаа аж.
Гэвч Д.Сарангэрэлийн хувьд тус холбооны Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаа хараахан дуусаагүй гэх шалтгаанаар, ирэх есдүгээр сар хүртэл уг албаа үргэлжлүүлнэ хэмээн байр сууриа илэрхийлсэн гэх мэдээлэл байна. Ямартай ч өнөөдрийн Бага хурлаар МАН-ын бүсгүйчүүд Их хурлын товоо тогтоож, тэргүүнээ солих асуудлыг хөндөхөөр болжээ.
Мөн өнөөдрийн хуралдаанаар Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо гэдэг нэрээ Социал Демократ Эмэгтэйчүүдийн Холбоо болгож өөрчлөх саналыг хэлэлцэх аж.
Уншиж байна |