Өнгөрсөн бямба гарагт С.Эрдэнийн талынхан танхим болон цахим сонгуулиар намын даргаа сонголоо. Ардчилсан намын даргын тамгыг "эзэмшиж" байгаа гэх С.Эрдэнийн талынхан намын даргаараа Д.Ганбатыг тодруулсан нь энэ. С.Эрдэнийн талын Ардчилсан намын даргыг батламжлах ээлжит бус XVI Их хурлыг танхим болон цахим хэлбэрээр зохион байгуулж цахимаар 486 төлөөлөгч, танхимаар 21 аймаг, 9 дүүрэг улс орны өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн 350 төлөөлөгч нийт 836 их хурлын төлөөлөгч оролцож, Д.Ганбатыг намын даргаараа сонгосон гэх албан мэдээлэл нийтэд хүрээд байна.
Олон нийтэд парламентын гишүүн гэхээсээ илүү "Битон" нэрээрээ танил болсон Д.Ганбат ийнхүү Ардчилсан намын даргаар сонгогдов. 2020 оноос хойш үргэлжилж буй АН-ын маргаан дундах ээлжит дарга нь Д.Ганбат болж байна. Д.Ганбат гишүүний хувьд 2012-2016 оны парламентад сонгогдож, байнгын хорооны дарга хүртэл алба хашсан. Тухайн үед тэрбээр жилийн 100 гаруй сая төгрөгийн орлоготой 800 гаруй сая төгрөгийн үл хөлдөхтэй, 300 сая төгрөгийн зээлтэй байв.
Харин өнөөдөр Д.Ганбат Ардчилсан намын дарга болох нь. Энэ удаагийн парламент түүнд ээлээ өгч, Д.Ганбат гишүүн тэрбумтнуудын эгнээнд нэгэнтээ багтсан. Тэрбээр нэг орон сууц, нэг зуслангийн байшинтай. Эдгээр нь ХОЁР тэрбум 277 сая төгрөгөөр үнэлэгдэж байна. Д.Ганбатынх жилдээ 500 гаруй сая төгрөгийн орлоготой, өр зээлгүй. Улстөрийн түүх намтар, хөрөнгө орлогоор арвин түүнийг АН-ын дарга болох эсэхийг Дээд шүүх шийднэ.
Сүүлийн хоёр долоо хоног дарааллан явагдсан АН-ын даргын сунгаан явагдаж, Л.Гантөмөр, Д.Ганбат нарыг намын даргаараа сонгогдоод байна. Ийнхүү намын дотоод асуудлаа шийдээгүй хоёр дарга сонгосон АН-ынхан үлдсэн асуудлаа Дээд шүүхэд үлдээлээ. Дээд шүүх ямар шийдвэр гаргах нь АН-ынхны хувьд хоног тоолон хүлээх асуудал болоод байна....
П.ГОО
Уншиж байна |